• Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-аас хасчээ

    2019-04-30

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэрийг тус намын Сонгинохайрхан дүүргийн намаас гаргасан байна.

    Н.Алтанхуяг 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сарын 15-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

    Ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаанаа тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувиар надад цааш нь ярих, хийх олон ажил байна. Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний ярьсан юм нь Ерөнхийлөгч дээр хаяглагдаад, Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг ингээд хэлчих гээд хэлүүлсэн мэтээр мушгиж гуйвуулаад байх юм. Шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө хувь хүнийхээ хувиар бодсон зүйлээ чөлөөтэй хийе гэж бодож зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөж байна” гэсэн.

    Ингээд тэрбээр АН-ыг шинэчлэх ажилд шургуухан орно хэмээсэн. Гэвч эсрэгээрээ түүнийг АН-аас хасч орхилоо. АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос намын дүрэм зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр түүнийг намаас хасжээ. Энэ талаар албаны эх сурвалж “Намын дунд шатны байгууллагаас ийм шийдвэр гаргасан. Одоогоор албан бичиг нь удирдлагын түвшинд ирээгүй байна” гэсэн хариултыг өгчээ.

    Энэ тухайд Н.Алтанхуягийн туслах “Одоогоор мэдэгдсэн зүйл алга. Намаас хассан талаар бидэнд мэдэгдээгүй” гэлээ. Ийнхүү Н.Алтанхуягийг намаас нь ийм шийдвэр гаргасан учир тэрбээр заасан хугацаанд тус намаас ямар нэг сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна.

    Харин одоо Н.Алтанхуяг энэхүү шийдвэрийн эсрэг хэрхэн тэмцэх, цаашлаад АН-ын одоогийн удирдлагуудтай хэрхэн тэмцэх нь сонирхолтой сэдэв болж эхэллээ

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ