• ИНЕГ  2012-2017 оны хооронд 1000 хүн ажлаас халж, 1201 хүнийг  томилжээ

    2019-04-30

    ИНЕГ-т  сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2012-2017 оны хооронд зургаан хүн даргаар томилогджээ. Ингэхдээ даргаар томилогдон очсон албан тушаалтнууд  давхардсан тоогоор 1000 хүнийг ажлаас чөлөөлж, 1201 хүнийг  томилсон  талаар АТГ-аас гаргасан тайлангаас харж болохоор байна.

    Харин шүүхийн шийдвэрийн дагуу  2013-2015 оны хооронд 30 хүнийг ажилд нь эргүүлэн томилж,  халагдсан  ажилтнуудын нөхөн олговорт улсын төсвөөс 326 сая төгрөгийг олгожээ.

    Тус газрын даргаар :

    • С.Буяндалайг даргаар ажиллаж байх үед буюу 2013 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 295 хүн ажлаас чөлөөлөгдөж, 382 хүн томилогдсон.
    • Т.Лхагвасүрэнг даргаар ажиллаж байх үед буюу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 227 хүн ажлаас чөлөөлөгдөж, 231 хүн томилогдсон.
    • Ц.Эрдэнэбилэгийг даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 104 хүн ажлаас чөлөөлөгдөж, 115 хүн томилогдсон.
    • Г.Нямдавааг даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 216 хүн ажлаас чөлөөлөгдөж, 244 хүн томилогдсон.
    • Л.Бямбасүрэнг даргаар ажиллаж байх үед буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 158 хүн ажлаас чөлөөлж, 229 хүн томилогдсон.

    Дээрх мэдээллээс харахад ИНЕГ-ын даргаар томилогдсон дээрх албан тушаалтнууд дээд тал нь нэг жил зарим нь 6 сарын хугацаанд ажиллаж, ажилчдыг хэдэн зуугаар нь халаа сэлгээ хийсэн байна.   Тус газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг статустай хэрнээ  албан хаагчид нь төрийн албан хаагчид хамаардаггүй, зөвхөн дарга, дэд дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтаар томилогддог. Бусад ажилтнууд нь улсын үйлдвэрийн газрын жишгээр хөдөлмөрийн харилцаа нь зохицуулж байгаа нь бусад агентлагтай харьцуулахад зөрчилтэй байна гэж АТГ-аас үзжээ.

    Мөн  ИНЕГ  газар өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг.

    • 2016 оны дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн.
    • Эдгээр 107 оюутны төлбөрт 2013 онд 2.7 тэрбум, 2014 онд 2.7 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг буюу дөрвөн жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

    2017 онд гадаадад суралцах тэтгэлэг авсан 19 оюутны 5 нь ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 14 оюутны хувьд эцэг, эх нь Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам”ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ