• Засгийн газрын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулиар хянахаа болих хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцлээ

    УИХ  Захиргааны ерөнхий хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж өнгөрсөн УИХ-ын чуулганаар шийдвэрлэсэн  бөгөөд энэ тухай  ЭНДээс үзэх боломжтой.  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хийсэн тайлбараар бол Үндсэн хуулиар Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд харшилвал Засгийн газар өөрөө хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл УИХ хүчингүй болгох зохицуулалттай. Улмаар 2015 онд Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрын шийдвэрийг шүүх хянадаг асуудлаар маргаан үүссэн. Энэ маргааныг Үндсэн хуулийн цэц хянаад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй, харьяалахгүй гэсэн шийдвэр гаргасан.

    Гэтэл Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн заалтууд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрын шийдвэрийг хянах оролдогыг удаа дараа хийж ирлээ.

    “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг УИХ шийдвэрлэсэн. УИХ-ын шийдвэрийн дараа Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргасан ч  Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосоор иржээ.  Энэ нь хуулийн төсөл санаачлах үндэслэл болсон гэдгээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн.

    Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо дэмжиж УИХ хэлэлцэхээр болсон билээ.

    Харин Ерөнхийлөгч Х.Баттулга  Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж байгаа дээрх өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа   өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр илэрхийлжээ.

    Ерөнхийлөгчийн албан бичигт:

    ….Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж үзэх үзэл, хандлага Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд нэгэнт бүрэлдэн тогтож хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Үүний хүрээнд авч үзвэл хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй төдийгүй хуулийн зүйл, заалтуудын дотоод логик уялдаа холбоог алдагдуулахаар байна.

    …. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна гэжээ. Ерөнхийлөгчийн саналыг бүрэн эхээр нь ЭНД-ээс.

    Захиргааны ерөнхий хуулийн  3.1.7-д заасан Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа буюу дараахь харилцаа уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заажээ. 

    “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулах үндэслэл болохгүй” хэмээн заажээ.

    Харин Засгийн газраас оруулж ирсэн төслөөр: 

    3.1.7.Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн
    захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”г Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулахгүй байхаар заасан юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ