• Тендерийн цавчаа буюу  10 хувь  баяртай

    2019-04-29

    Засгийн газар, нийслэлийн Засаг даргын 2020 хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт худалдан авах ажиллагааг цахим системд шилжүүлж,  ил тод нээлттэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тендер худалдан авалтыг ил тод нээлттэй болгох, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн оролцоо, хяналтыг  бодитоор  хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн бөгөөд нийслэлийн  Худалдан авах ажиллагааны  газраас өнөөдөр  “Ил тод худалдан авах ажиллагаа-2019”  арга хэмжээний нээлтийг анх удаа иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн оролцоотойгоор зохион байгууллаа.

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бараа үйлчилгээ худалдан авах тендертэй холбоотой санал гомдол их ирдэг. Тендерийн 10 хувийн цавчаа буюу авлигыг  өнөөдөр хүн бүхэн мэднэ. Зарим төрийн албан хаагч үүнд голчлон анхаарал хандуулж ажилладаг. 10 хувийн цавчааг байх ёстой мэт үзэж, хүлээн зөвшөөрсөн хандлага газар авсан. Бичигдээгүй мөртлөө бичигдсэн хууль мэт болсон буруу тогтолцоог өөрчлөх зорилт тавин ажиллаж байна. Тендертэй холбоотой гомдол их гардаг нь хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл олон нийтэд хангалттай хүрдэггүйтэй холбоотой байж болох ч нөгөө талаар хуулийг гуйвуулдаг нь нөлөөлж байна.  Тиймээс өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор тендерийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, тендер шалгаруулалтын үйл явцыг элдэв хардлага сэрдлэггүй  авлигаас ангид олон нийтийн хараа хяналт дор зохион байгуулах эхлэлийг тавьж байна” гэлээ.

    Тендер бүрийн цаана нийслэлчүүдийн ажиллаж амьдрах орчин, эрүүл мэнд боловсролын салбарын үйлчилгээ  чанар хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чухал ажил өрнөж байдаг. Тиймээс тендерээс албан тушаалтан хувь авна гэдэг нь хотын хөгжлийг хойш татаж, өөрсдийн болон ирээдүйнхээ хөгжлөөс хулгай хийж байгаатай адил юм.

    УИХ-ын гуравдугаар сарын 22-ний өдрийн ээлжит бус чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

    Уг хуулиар үндэсний үйдвэрлэл эрхлэгч нарыг татварын бус аргаар буюу тендер шалгаруулалтаар дэмжих зохицуулалтыг илүү ойлгомжтой, өргөн хүрээнд хийх, тендер шалгаруулалтыг зохион байгуулах хугацааг богиносгосон гэх мэт өөрчлөлтийг оруулсан.

    • Өмнө нь тендер нээснээс хойш 45 хоногийн дотор сонгон шалгаруулалт хийдэг байсан бол дээрх хуулиар 23 хоног болгон багасгажээ.
    • Ил тод болгосноор төртэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн, гэрээнд заасны дагуу ажил, бараа, үйлчилгээгээ хийж гүйцэтгээгүй хувь хүн, аж ахуйн нэгжийг хар жагсаалтад хамруулж, цаашид гэрээ байгуулах эрхийг нь хязгаарлах юм байна.
    • Үндэслэлгүй гомдол гаргаж, төсөл арга хэмжээний хэрэгжих хугацааг удаашруулдаг тендерт оролцогчдыг хариуцлагажуулах зорилгоор тендерийн баталгааг барьцаалдаг болно.

    Энэ жил 503 тэрбум төгрөгийн 1019 худалдан авалтын үйл ажиллагааг нийслэлээс зохион байгуулна. Улсын төсвөөс эрх шилжин ирж байгаа 232,7 тэрбум төгрөгийн 182 төсөл арга хэмжээ, нийслэлийн төсвөөр хэрэгжих 36 тэрбум төгрөгийн 106 төсөл арга хэмжээ гэх мэт худалдан  авалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Ингэхдээ  ажлын бүх явцыг цахим системд шуурхай, ил тод мэдээлж ажил хариуцсан албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгчээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ