• Засаг дарга нар нөөц хөрөнгөнийхөө 80-90 хувийг найр наадамд болон УИХ-ын гишүүдийг дайлж цайлахад зарцуулжээ

    2019-04-30

    Аймгуудын Засаг дарга нарын нөөц хөрөнгөний  үрэлгэн зарцуулалт, төсвийн мөнгөөр хэрхэн “наадаж” байгааг АТГ-аас гаргасан тайлангаас харж болохоор байна.

    Сангийн сайдын 2012 оны 239  дүгээр тушаалаар баталсан “Засаг дарга нарын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д дараахь заалтууд тусгагджээ.

    • 1.1-т Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;
    • 1.2-т Үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;
    • 3-т 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана” гэж тус тус заасан байдаг.  Өөрөөр хэлбэл, байгалийн гамшиг болон нийтийг хамарсан техникийн осол гарах гэх мэт  гэнэтийн ослын үед  Засаг даргын нөөц хөрөнгөний  30 хувь бэлэн байх ёстой гэсэн үг.

    Гэтэл бодит байдалд Засаг дарга нар нөөц  хөрөнгөнийхөө 80-90 хувийг нь цагаан сар, наадам, тэмдэглэлт ой зэрэг баяр ёслол болон УИХ-ын гишүүд, бусад албаны зочдыг дайлах, тэдний зочид буудлын үнэ,  тодорхой шалтгаангүйгээр иргэдэд буцалтгүй тусламж үзүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, улсын их баяр наадмаар  түрүүлсэн бөхийг байлж шагнах зэрэгт зарцуулж иржээ.

    Өнгөрсөн онд буюу 2018  онд 21 аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнд 11 тэрбум, 725  сая төгрөгийг хуваарилжээ. Үүний  дөрвөн тэрбум 917  сая төгрөгийг гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Харин  үлдсэн мөнгийг  үр ашиггүй зүйлд зарцуулсан гэсэн үг. Гэтэл мөн онд Засаг дарга нарын нөөц хөрөнгө дууссан гэх үндэслэлээр  дахин улсын төсвөөс 14 тэрбум 101  сая төгрөгийг нэмэлтээр  “гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээнд” гэх нэрийн дор хуваарилжээ.

    Засаг дарга нар нөөц хөрөнгө нэрийн дор төсвийн мөнгийг  хэрхэн үр ашиггүй  зарцуулдгийг АТГ-аас гаргасан тайланд дурьдсан жишээг хүргэе.

    Дундговь аймаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ний өдрийн байдлаар 29.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нөөц хөрөнгөнөөс гаргах зардлыг урьдчилан хэлэлцдэггүй, гүйцэтгэлээр нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, хэлэлцэн захирамж гаргадаг байсан байна. Ингэхдээ тэмцээн, уралдаан, мэндчилгээ дэвшүүлэх зэрэгт 2017  онд  196.4 сая төгрөг зарцуулсан нь батлагдсан хөрөнгийн 76.7 хувь, 2018 онд 114.8 сая төгрөгийг зарцуулсан нь  батлагдсан хөрөнгийн 67.2 хувийг эзэлж байгааг дурьджээ.

    Ховд  аймаг 2018  онд  нөөц хөрөнгөнөөс цагаан сар, наадам, ойн баяр тэмдэглэхэд 24.2 сая төгрөг, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 гэх мэт зориулалтаар нийт 151,9 сая төгрөгийг зарцуулсан байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Үндэсний их баяр наадмын төсвийг 58.6 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөгийг зарцуулах захирамж гаргасан байна.

    Мөн  Сангийн сайд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 318 дугаар тушаалаар “Засаг дарга нарын нөөц хөрөнгөний зориулалт, зохицуулалтын нийтлэг журам”-ыг шинэчлэн баталсан байна.

    Энэ журам албан тушаалтнаас бусдад давуу байдал олгох, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хөрөнгө захиран зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн гэхэд болно. Учир юу гэвээс, шинэчлэн баталсан журамд урьдчилан төлөвлөх боломжгүй нэг удаагийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх,  шагнал урамшуулал буцалтгүй тусламж олгох, байгууллага иргэдээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэх гэх мэт ерөнхий  байдлаар тусгаснаар өмнө нь гарч байсан түгээмэл дутагдлыг дэмжсэн төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд саад учруулсан зохицуулалт болжээ.

    Энэ нь УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “4.1.3.2.төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл, зарцуулалтын хөндлөнгийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх” заалт болон холбогдох бусад хуулийн заалттай нийцэхгүй зохицуулалт болсон гэж АТГ-аас үзэж байна.  Тиймээс шагнал, урамшуулал олгох гэсэн заалтыг хасах, нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэг  олгох хэмжээ шалгуурыг тодорхой болгож, Засаг даргын нөөц хөрөнгийн хэдэн хувиас хэтрүүлэхгүй зарцуулж болох хязгаарыг тусгаж өгөх гэх мэт саналыг тусгасан зөвлөмжийг тус газраас Сангийн сайдад хүргүүлээд байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ