• С.Зоригийг хөнөөсөн хэргийг “Эрдэнэт” үйлдвэртэй хамаатуулахыг оролдсоор байна

    Өнгөрсөн долоо хоногт С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой дуулиан шуугианаар дүүрэн өнгөрсөн. Тухайлахад, уг хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн мягмар гаригт ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг ЭЦГ-аас түр саатуулсан. Харин өнгөрсөн пүрэв гариг буюу 4 дүгээр сарын 25-нд УИХ-аас гишүүн Л.Болд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нарын гишүүн багтсан. Мөн өдөр Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих тогтоолыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

    Эдгээртэй холбоотойгоор шуугиантай мэдэгдэл хийх хүмүүс байлаа.

    АН-ыг УИХ-д бүлэгтэй байхад дарга нь байсан Д.Эрдэнэбат гишүүн С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гэж харддагаа илэрхийлсэн. Тэрбээр УИХ-д уг хэргийг судлах зорилготой Түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр энэ хардлагаа илэрхийлээд, өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх дуулиан дор С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогч, захиалагчгүйгээр замхарчих вий гэж санаа зовдгоо хэлсэн.

    Д.Эрдэнэбат мөн “Түүнчлэн баахан хүнийг үндэслэлгүйгээр баривчлаад хориод яллаад явчихвий гэж санаа зовж байна. Дараа нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн эцсийн хариуцагч нь УИХ болчих вий. Мэдээж хэрэг үнэнээрээ илрээсэй гэж хүсэж байгаа, үнэн зөв тогтоогдоосой  гэж олон хүн бодож байгаа. Үүний  эсрэг нэг ч хүн байхгүй. Гэхдээ үүнийг далимдуулсан улстөржилт, эзэн холбогдогч, захиалагч байхгүйгээр замхрах ёсгүй. Би Ц.Нямдорж сайдад хандаж асуусан “Захиалагчийг нь мэдэж байгаа юм бол хэн юм. Яагаад зарлаж болохгүй байгаа юм бэ. Эрүүдэн шүүх асуудлыг тусгайлан авч үзэж Түр хороог, УИХ-ын гишүүдийг холбогдуулж оруулаад байгаа юм бэ” гэдэг асуулт өнөөдөр нээлттэй үлдэж байна. УИХ дахь АН-ын зөвлөл ирэх даваа гарагт хуралдаад Түр хороонд гурван заалттай санамж, зөвлөмж өгнө. Эрүүдэн шүүлт гэдэг энэ дуулиан тэр бичлэгийг гаргасны ард  Жастын Батхүүг сулласан явдал байгаа. 1998 оноос хойш “Эрдэнэт”-ийн 60 хувийн борлуулалтыг хариуцаж байсан “Ocean Partners” гэдэг компанийн Стандарт банкинд зуучилж өгсөн 40 сая долларын төлбөр асуудал үүсгэж байгаа. Энэ бүгдийг бид ул сууриар нь нягталж үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас Ц.Нямдорж сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн талаар өнөөдөр үгээ хэлэх хэрэгтэй” гэсэн.

    Харин сайд Ц.Нямдорж хариуд нь Түр хороо С.Зоригийг хөнөөсөн хэргийг л судалж, дүгнэлт гаргана. Түүнээс биш “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ажиллахгүй гэсэн хариуг өгсөн. Мөн С.Зоригийг хөнөөсөн хэргийг “Эрдэнэт”-тэй хамаатуулах сонирхол одоо ч хэвээр байгааг Д.Эрдэнэбатын хэлсэн үг харуулж байна. С.Зоригийг анх хөнөөсний дараа улстөрийн аллага хаанаас захиалсан бэ гэсэн хардлага гарахад Эрдэнэт үйлдвэртэй холбож байсан.

    Мөн 2015 онд Эрдэнэт хотоос 2 хүн авчирч хорьсон дуулиан дэгдэх үед УИХ-ын гишүүн О.Содбилэг нүүр номондоо хэд хэдэн пост оруулж билээ. Тэр нь талийгаач аавыг минь  малчин, тогооч хоёроороо хөнөөлгөсөн гэсэн асуудал гаргаж ирэх гэж байгаа гэж хүн хэллээ. Надад туслаач гэсэн утгатай байсан билээ.

    1998 оны зун “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг агсныг амарсан хойгуур Ц.Элбэгдоржийн Засгийн газар албан өрөөнхий нь хаалгыг эвдэн орж, хүчээр ажлыг нь авч байсан. С.Зоригийг хөнөөсөн нь үүнтэй холбоотой гэх сэжиг, таамаг байнга явдаг. Үүнийг л Д.Эрдэнэбат хэлсэн бололтой

    Д.Эрдэнэбатын хувьд баахан хүнийг үндэслэлгүйгээр баривчлаад, хориод, яллаад явчих вий хэмээн санаа зовох хүн бий тухай шуугиж байна. Тухайлахад, С.Зоригийг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэсэн хэргээр баригдаж хоригдсон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын тухай түүнийг ярьсан гэдэгт олон итгэлтэй байна. Учир нь өнгөрсөн жил Ж.Батзандан гишүүнийг төрийн ордон дахь Д.Эрдэнэбатын өрөөнд Б.Хурц “оронд чинь хутгалж ална” гэсэн тухай ярьсан. Харин уг явдлын гэрч Д.Эрдэнэбат “эр хүмүүсийн хоорондын яриа, сүртэй юм болоогүй” хэмээсэн билээ. Эсрэгээрээ Ж.Батзандан, Д.Эрдэнэбатыг МАНАН-гийн гар хөл гэж байсан билээ. Тэгэхээр Д.Эрдэнэбат Б.Хурц болон тагнуулын хоёр мөн ШШГЕГ-ын хоёр ажилтны тухай ярьсан нь ойлгомжтой юм.

    Харин эсрэгээрээ Ц.Нямдорж сайдын хувьд С.Зоригийг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хүлээлгэсэн хэргийг Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат  нар зохион байгуулсан гэж мэдэгдсэн билээ. Ц.Нямдорж сайдын энэхүү мэдэгдэл үндэстэй бол прокурор асан Г.Эрдэнэбат бас уг хэрэгт татагдан шалгагдах байх.

    Үүнээс гадна Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ажиллагаа ойрын үед өрнөх магадлал ч бий.

    Мөн Ц.Нямдорж сайдыг улсын нууц задруулсан хэрэгт холбоотой гэснийг тэрбээр “Хүн тамлах чинь улсын нууц юм уу.  Хүн эрүүдэн шүүх чинь нууц биш ш дээ. Улсын нууцын хууль гэж байна. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэнэ гээд тодорхой заачихсан байгаа. Наадах чинь нууцтай хамаарахгүй” хэмээсэн.

    С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үнэхээр буруугүй бол тэднийг суллуулах үйл ажиллагаа тун удахгүй өрнөнө хэмээх яриа ч тархаж эхэллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ