• АН нөхөн сонгуульд оролцохоор шийдэж, Ж.Оюунбаатарыг дахин нэр дэвшүүлэхээр боллоо

    Өчигдөр АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ МҮЭСТО-д ээлжит бусаар хуралдав. ҮБХ-ны ээлжит бус хуралдаан нь 70 гаруй хувийн ирцтэй хуралдсан ба энэ 2019 оны зургадугаар сарын 30-нд болох Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэжээ. АН-ын зүгээс нөхөн сонгуульд оролцох бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.

    Ж.Оюунбаатарын хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар энэхүү 42 дугаар тойрогт намаасаа нэр дэвшин өрсөлдсөн ч Д.Гантулгад ялагдсан. Тиймээс энэ удаа дахин нэр дэвшиж, даагаа нэхээд үзэхээр шийдсэн нь энэ гэнэ.

    Сонгуулийн хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой.

    ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Болорыг Архангай аймаг, Д.Жаргалсайханыг Баянхонгор аймаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Р.Сэддоржийг Өмнөговь аймаг, О.Мөнхбаярыг Төв аймгийн Улс төрийн зөвлөлд тус тус сонгожээ. Тус намын Улс төрийн зөвлөлд аймаг, нийслэлийн намын дарга  нар болон ҮБХ-оос бүрдсэн 30 гаруй гишүүнтэй багтдаг байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ