• П.Сувданчимэг:EQ чадварт суралцаж,сэтгэл хөдлөлөө удирдаж сурах нь амжилтанд хүрэхэд шууд нөлөөлдөг

    2019-04-29

    -Монголчууд уур бухимдал ихтэй байгаа нь EQ чадварт суралцаагүйн илрэл-

     

    Сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу Emotional Quotient /EQ/-г хэрхэн сайжруулах боломжтой болон ямар арга замаар суралцах талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач П.Сувданчимэгтэй ярилцлаа.

     –  EQ чадвар гэж яг юуг хэлээд байна вэ?

    -EQ гэх нэр томъёо XIX уунаас яригдаж эхэлсэн боловч дэлхий дахинд хүчтэй тархсан нь 1995 он юм. Даниель Гөүлмэн гэх Америкийн сэтгэл судлаач 1995 онд өөрийн “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан: Яагаад EQ нь IQ-аас чухал вэ?” хэмээх номоо гаргаснаар сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаарх ойлголт нь судалгаанд тулгуурласан, системтэй онол болж гарч ирсэн юм. Тэрбээр Харвардыг төгссөн, ажил эрхэлж буй хүмүүсийн дунд судалгаа хийсэн. Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй төгсөгчдийн хоорондох Сэтгэл хөдлөлийн оюун ухааны үнэлгээнд шинжилгээ хийхийг зорьсон ба тэр нь ч амжилттай болсон.

    Судалгааны дүнд удирдах албан тушаалтнуудын 90 хувь нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй, харин гүйцэтгэх албан тушаалтнуудын 80 хувьд эсрэгээрээ сэтгэл хөдлөлөө удирдах чадвар доогуур үнэлгээтэй гарсан байдаг.

    Үүнээс хойш  энэ чадварын тухай ойлголт дэлхий нийтэд түгж эхэлсэн гэж хэлж болно. Ерөнхий утгаар EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэх нэр томъёог тайлбарлавал аливаа хүн өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгох, удирдах, түүнчлэн бусдын сэтгэл хөдлөлийг таньж, түүнд зөв хариу үйлдэл үзүүлэх байдлыг хэлээд байгаа юм.

    Даниель Гөүлмэний тодорхойлсноор сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь дараах 5 үндсэн үзүүлэлтээс хамаардаг гэж үзсэн байдаг.

    Үүнд, 1-рт өөрийн сэтгэл хөдлөлөө таньж, ойлгох, 2-рт өөрийн сэтгэл хөдлөлийг удирдан чиглүүлэх, 3-рт бусдын сэтгэл хөдлөлийг таньж, мэдрэх, 4-рт бусдын сэтгэл хөдлөлд зөв хариу үйлдэл үзүүлж, удирдан чиглүүлэх, 5-рт өөрөө сэдэлжих байдал ордог байна.

    Монгол улсад өсвөр насныхны дунд амиа хорлох үзэгдэл түгээмэл байдаг нь нэгэнт дэлхийд ил болсон шүү дээ. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж байгаа хүүхдүүдээс дүгнэлт хийгээд харахад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн талаарх ойлголт, бусдаас хамаарахгүйгээр өөрийгөө сэдэлжүүлээд явах чадвар бага хөгжсөн байна. Тиймээс ч сэтгэл хөдлөлийнхөө талаар бодож ойлголгүйгээр шууд л сэтгэл хөдлөлдөө автан удирдагдаж, шийдвэр гаргах нь түгээмэл байна.

    IQ болон EQ чадварын ялгаа нь юу юм бэ?

    -IQ бол хүний оюун ухааны чадварыг үзүүлэх коэффициент юм. Өөрөөр хэлбэл, хүнийг шийдвэр гаргахад нөлөөлдөг математик сэтгэлгээ суурьтай үзүүлэлтийг IQ гэж ойлгож болно. Харин EQ бол бодлын хэлбэр, түүнээс үүсч бий болж буй сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдан чиглүүлж байгааг харуулах үзүүлэлт юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар IQ бол илүү тогтонги шинжтэй, 3-5 насанд хөгжиж цаашид хөгжихгүй гэж үздэг. Харин EQ бол эсрэгээрээ гэсэн үг л дээ, хүн өөрийгөө ажиглаж, өөртэйгөө ажиллах хичээл зүтгэл гаргавал насан туршдаа ч хөгжих боломжтой үзүүлэлт юм.

    -Сэтгэл хөдлөлөө удирдах чадварт сургаж эхэлье гэвэл хүүхдээ хэдэн наснаас нь хамруулж болох вэ?

    -Сүүлийн үед эцэг эхчүүд EQ чадварт анхаарч, бага байгаа дээр нь л бүх зүйлд сургах хандлагатай болжээ. Урьд нь хэлсэнчлэн сэтгэл хөдлөлийн оюун ухаан бол хүн өөртөө ямар нэгэн сэтгэл хөдлөл авах бүрт л хөгжиж байдаг зүйл учраас эртдэх нас гэж байхгүй. Гэхдээ эцэг эхчүүд заавал тусдаа сэтгэл судлаач дээр очно гэхээс илүү өөрсдөө ч зөв замаар хөгжүүлэх боломжтой.

    Ерөнхий байдлаар авч үзвэл EQ хөгжих үндэс нь харилцаа гэж хэлж болно. Хүүхдээ аль болох олон төрлийн харилцаанд оруулж, олон төрлийн мэдрэмжийг авч, түүнийгээ таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй.

    Жишээлбэл, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцаанд орж, ажлаас ирээд хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлж, ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж мэдэрснээ хуваалцаж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ харилцааг эхлүүлэхдээ эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол аз жаргалтай мөчүүдийг нь л хуваалцаж, гунигтай эсвэл ууртай мэдрэмжийг нь үл тоох, буруушаах хандлагатай байдаг.

    Харин ч эсрэгээрээ гунигласан, уурласан мэдрэмжүүд дээр нь ажиллаж, бүх хүмүүст ийм мэдрэмж төрдгийг ойлгуулж, тэдгээр мөчүүдээ эерэгээр харахад нь туслах нь үр дүнтэй байдаг. Ингэснээр тухайн хүүхдийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн өнгийг солонгоруулах юм.

    Өөрөөр хэлбэл, бидэнд мэдрэмжийн талаарх ойлголт үүсэх хэрэгтэй гэсэн үг юм. Тухайлбал, бидний тархинд аяганы талаарх ойлголт байгаа учраас бид ямар ч бухимдал төрөхгүйгээр, түүнийг амсрыг нь дээш нь харуулаад дотор нь уух зүйлээ хийгээд хэрэглэхийг мэддэг. Хэрвээ бид аяганы талаар ойлголтгүй бол бид түүнийг яаж ашиглахаа мэдэхгүй бага зэрэг бухимдах байх. Яг л үүнтэй адилхан бидэнд сэтгэл хөдлөл тус бүрийн талаар ойлголт үүсчихвэл, түүнийг дараа нь таньж мэдэн, хэрэглэхдээ алдахгүй байх болно. Үүнийг сэтгэл хөдлөлийн хэлээ сайжруулах гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл бид англи хэлээ сайжруулахдаа үг цээжилдэгтэй адилаар, сэтгэл хөдлөлийн талаар үгийн сангаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.

    Өөрөөр хэлбэл, сэтгэл судлаач дээр ирэхээс өмнө хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцах тал дээр нэлээд ажиллаж үзсэн байвал сайн. Хүүхэдтэйгээ мэдрэмжээ хэрхэн хуваалцахаа мэдэхгүй бол сэтгэл судлаачид хандаж болно. Хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь анхны харилцаа болох гэр бүлийн орчин дах харилцаанаас шууд хамаардаг тул эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй.

    -Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд насанд хүрэгчдэд зориулсан EQ чадварын сургалт явуулж эхлээд удаагүй байна.   Хүүхэд багачуудад зориулсан сургалт  явуулдаг уу?

    – Сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа удирдаж сурах нь хувь хүний харилцаа, амжилтанд хүрэхтэй шууд хамааралтай байдаг тул бид нас, насны хүмүүст сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа хөгжүүлэхэд мэргэжлийн чиглүүлэгч өгөх үүднээс сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор брэнд сургалтуудыг энэ жилээс оруулж байгаа. Одоогоор өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан сургалтууд явагдаж байгаа. Өсвөр насныханд зориулсан “Smart teenagers” сургалт маань одоо 4 дэх элсэлтээ авахаар бэлдээд байна. Харин насанд хүрэгчдийн сургалт маань 3 дахь элсэлтээ амжилттай төгсгөсөн байна. Сонирхож байгаа хүмүүс манай Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн гэсэн пэйж хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

    -Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар муу гэдгээ иргэд хэрхэн мэдэх боломжтой вэ. Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хэрхэн үнэлдэг вэ?

    -Сэтгэл хөдлөлийн оюун ухааны түвшинг үнэлдэг сэтгэл зүйн оношилгооны асуулган аргууд байдаг. Энэхүү аргыг мэргэжлийн газар ашигладаг тул та өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа мэдмээр байвал мэргэжлийн газарт хандаад үзээрэй. Хэрвээ зүгээр ахуйн нөхцөлд ч болов өөрийгөө мэдмээр байна гэвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийн талаар хэр боддогоо нэг анзаараад үзэх хэрэгтэй.

    Сэтгэл хөдлөлийнхөө талаарх бодох бодлыг мета-сэтгэл хөдлөл гэж нэрлэдэг. Хүн мета-сэтгэл хөдлөл сайн байх тусам сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь нэмэгддэг.

    Мэдээж хүн сэтгэл хөдлөлөө удирдах хэд хэдэн техникүүд байдаг. Үүнийг манай сургалтанд сууснаар эхнээс нь суралцах боломжтой. Эдгээр техникээс дурдвал, сэтгэл хөдлөлийн хэлээ сайжруулах, сэтгэл хөдлөлөө гуравдагч хүн дээр нэрлэж хэлэх, бясалгах гэх мэт аргууд бий.

    -Танай сургалтын онцлог юу вэ. Суралцагчдад ямар дасгал сургуулилт хийдэг вэ?Жишээ болгож сургалтын үеийн ганц нэг дасгалын тухай дэлгэрэнгүй оруулж болох уу?

    – Манай сургалтын онцлог нь мэргэжлийн сэтгэл судлаач чиглүүлж байгаагаараа давуу тал юм. Сургалтын үеэр бодит практик дасгалууд хийгддэг нь оролцогчдод маань их таалагддаг. Хүн амьдралынхаа туршид өөрийнхөө таньж мэдээгүй олон мэдрэмжүүдийг хуримтлуулсаар байдаг. Тэрхүү мэдрэмжүүд нь илэрхийлэгдээгүй, танигдаагүй бол хүний шийдвэр гаргах түвшинд нөлөөлсөөр байдаг тул бид эдгээр мэдрэмжүүдийг гаргах дасгалууд их ажиллуулдаг. Сэтгэл судлаачийн чиглүүлэгтэйгээр хийвэл тохиромжтой дасгалууд байдаг тул өөрөө хийх нь зарим хүнд мэдрэмжүүдийг сэргээх магадлалтай байдаг тул болгоомжтойгоор ханддаг.

    -Таны хувьд EQ чадварт хэрхэн суралцсан бэ. Мэргэжлийн хүний хувьд монголчуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэр хэмжээнд байна гэж үздэг вэ?

    -Миний хувьд мэргэжлийнхээ тусламжтайгаар сэтгэл хөдлөлөө таньж мэдэж, удирдахад суралцаж байсан, одоо ч суралцсаар л байгаа. Хүмүүст байдаг буруу ойлголтуудын нэг бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөр хүмүүс огт уурдладаггүй гэж боддог. Энэ бол маш буруу ойлголт. Сэтгэл хөдлөл гэдэг бол бидний гадаад орчинтой холбохын тулд бидэнд байдаг маш үнэтэй зүйл юм шүү дээ. Тэгэхээр бүх сэтгэл хөдлөл сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа сайжруулсан ч танд төрнө, төрөх ч ёстой. Харин сайжирснаараа тэдгээр сэтгэл хөдлөлдөө автаж биш, сэтгэл хөдлөлийг ашиглан шийдвэр гаргах чадварт суралцдагт л гол нь байгаа юм.

    Монголчуудын хувьд ажаад байхад их уур бухимдалтай байдаг. Хэн нэгэн гудамжинд санамсаргүй байдлаар мөргөхөд, хөл дээр гишгэхэд уурлаж бухимддаг. Энэ бол бидний сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэр хэмжээнд байгааг илэрхийлэх байх. Түүнчлэн монголчууд сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхээ талаар огт ярьдаггүй. Илэрхийлэгдээгүй мэдрэмж устаж алга болдоггүй гэж айхтар үг байдаг. Өөрөөр хэлбэл, бидний тэсэрч гарч ирдэг уур омог бол илэрхийлэгдээгүй учраас хадгалагдаж, аюултай үр дүнд хүргэдгийн шалтгаан юм. Бидэнд бүгдэд мэдрэмж төрдөг, учир нь бид хүмүүс учраас. Тиймээс нуугаад л, ичиж санаа зовох ямар ч шаардлагагүй шүү дээ. Ямар мэдрэмж төрснөө, ямар мэдрэмж бусдад төрүүлснээ ярьж, бусадтай хэлээрээ ойлголцож байх хэрэгтэй.

    2016 онд Гүүд Нейборс олон улсын байгууллагаас явуулсан Хүүхдийн эрх хамгаалал, хүчирхийллийн судалгаа хийсэн байдаг. Энэхүү судалгаанд 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар хүчирхийллэлд өртөж байна гэж гарсан. Энэ тоо юуг илэрхийлж байна вэ гэвэл эцэг, эх нь энэ хүчирхийллийг үүсгэж байна гэсэн үг. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай хүн бусдыг хараан, зодож, заналхийлдэггүй.

    EQ чадварт суралцахад хэчнээн цаг хугацаа зарцуулах боломжтой вэ?

    -Сэтгэл хөдлөлд мэргэшнэ гэдэг их хэцүү. Учир нь нэг талаас огт харагдахгүй, баригдахгүй зүйлд ахиц, уналтыг харах хүндрэлтэй, нөгөө талаас хүн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй зүйлд тийм ч тууштай байж чаддаггүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн оюун ухаан сайжрах хугацаа нь тухайн хүний хичээл зүтгэлээс хамаарна.

    Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй хүн байлаа гэж бодоход мэргэжлийн чиглүүлэгтэйгээр ажиллахад хамгийн багадаа гурван сар хичээж зүтгэж байж амьдралд мэдрэгдэх үр дүн гарах болов уу гэж бодож байна. Сэтгэл хөдлөлөө таньж мэдэж, бусдад зөв илэрхийлж чиглүүлэхийн тулд өөрөө их хичээж бусадтай сэтгэл хөдлөлөө хуваалцаж сурах нь чухал.

    Насанд хүрсэн хүн ямарваа нэгэн зүйлийг дадал болгоход 21 хоногийн хугацаа хэрэгтэй гэдэг шүү дээ. Гэтэл сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцахад үүнээс илүү хугацаа хэрэгтэй нь мэдээж.

    Ярилцсан Г.Нямсүрэн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ