• Д.Юнрэндорж:Монгол бичгийг  хүмүүн бичиг гэдэг учраас  хүний биеийг дүрслэн тайлбарлах аргаар хичээлээ заадаг

    Монгол хэл, бичгийн багшаар тасралтгүй 23 жил ажиллаж байгаа, Завхан аймгийн 5 удаагийн монгол бичгийн аварга, тус аймгийн  Улиастай сумын IV сургуулийн Монгол хэл,бичгийн багш Д.Юнрэндоржтой ярилцлаа.  Тэрбээр саяхан Улаанбаатар хотноо болсон  Монгол туургатны “Миний Монгол бичиг” улсын дөрөвдүгээр уралдааны Монгол бичгийн мэргэжлийн багш нарын төрөлд тэргүүлсэн юм.

    -Юуны өмнө баяр хүргэе.Энэ таны хэд дэх улсын уралдаан бэ.Уралдааны онцлог юу байв?

    Баярлалаа. Энэ миний хувьд улсын 7 дахь уралдаан. Би Улсын Монгол бичгийн олимпиадад 5 дахь удаагаа оролцож байгаа. Амжилтын тухайд гэвэл Гавьяат багш Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Монгол бичгийн олимпиад, Ахмад багш  Лу.Лхагважавын нэрэмжит “ ИХ сорилго –Идэр” эх хэлний  монгол бичгийн олимпиад тусгай байр эзэлж байсан.

    Монгол туургатны “Миний Монгол бичиг” уралдааны онцлогийн тухайд  жил бүр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах насны сурагч,  насанд хүрэгч,  мэргэжлийн багш,  бүтээлийн  гэсэн нийт зургаан төрлөөр зохион байгуулагддаг. Энэ жил нийт 955 оролцогч өрсөлдсөн. Өвөр Монголын анагаах ухааны их сургууль, МУИС-д суралцаж байгаа Өвөр Монгол оюутнууд болон МБШИС-ын Буриад оюутнууд, их дээд сургууль, байгууллагын ажилчид оролцсон гэсэн.

     -Монгол бичгийн онцлогийг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

    – Аливаа улсын бичгийн соёлыг  тухайн үндэстний оршин тогтнохын баталгаа гэж үздэг. Монгол бичгийг дэлхийд ганц босоо бичиг гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Харин би монгол бичгийг урлаг талтай цорын ганц бичиг гэж боддог. 2025 онд хос бичигтэн болгох зорилтын дор одооноос хүмүүс дор бүрнээ хичээж, үүнд суралцах хэрэгтэй.

    -Монгол бичгийн талаарх олон нийт, хүүхэд багачуудын хандлага сүүлийн арван жилд хэрхэн өөрчлөгдөж байгаа бол…?

    -Үндэстний оршин тогтнолын баталгаа, дархлаа бол  бичиг үсэг, түүх соёл, зан заншил  байдаг. Нэг хэсэг хүүхдүүдийг цэцэрлэгээс нь авхуулаад англи, орос хэл заах байдлаар үндэсний хэл, соёлын дархлаат байдлыг нь муутгасан. 1996 онд намайг МУИС-ийн харьяа  Ховд дахь салбар сургуулийг төгсөхөд Монгол хэл,бичгийн багшийн үнэлэмж маш доогуур байлаа. Монгол бичгийн тухайд хэрэглээ бага, биднийг зүгээр л хэл зүй заадаг, цээж бичгийн багш гэсэн үнэлэмжээр ханддаг байсан.

    Бүх орон нутгуудад англи хэлний, математикийн гүнзгийрүүлсэн анги нээгдэж, монгол хэлийг маш бага хувь нь сонирхдог байв. Багшилсан эхний найман жилийн хугацаанд англи хэлний багш болдог ч юм уу гэсэн бодолдоо хөтлөгдөөд хотод ирж байсан тохиолдол ч бий. Тэр үед 33 дугаар сургуулийн  монгол хэлний Цасанчимэг багшийн хичээл дээр суух аз таарсан юм. Тэгэхэд Цасаа багшийн  заах арга барил, хүүхдүүдтэй харьцаж байгаа хандлага надад их зүйлийг  бодогдуулсан. Тэр ачтан багш маань БМДИ-д ажиллаж байгаа. Тэгээд л  хүүхэд бүрт тохирсон хийгээд өөрийн гэсэн  хүүхдүүдийг татах  арга зүйтэй болохыг өөртөө шаардсан даа. Одоо бол хүүхдүүдийн ч, багш нарын ч хандлага өөрчлөгдөж, хичээлийн хөтөлбөрт модон бар, хулсан, таталган, эвхмэл, угалзан, бийрийн бичвэр  зэрэг монгол бичгийн төрөл хэлбэрүүд орж байгаа нь сурагчдын сонирхлыг их татаж байгаа.  Мөн хос бичигтэн болох тухай хууль батлагдсанаас хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Аймгаараа жишээ авбал албан газрууд монгол бичгийн багш нараар хичээл оруулан, суралцаж байгаа.

    -Монгол бичгийг  сурахад төвөгтэй, хамгийн наад зах нь л үгийн эхлэл, дунд, адагт өөрчлөгддөг, цээжлэх зүйл ихтэй гэдэг. Олон зуун дамжиж ирсэн монгол бичиг маань сурахад үнэхээр хүндрэлтэй юу.Яаж амархан сурах вэ?

    -Монгол бичгийг хүмүүс цээжлэх юм ихтэй, их хэцүү гэж ойлгодог өнгөц ойлгоод байдаг . Уг нь монгол бичиг чинь монгол хэлээ бодвол амархан. Дүрмийн хувьд багатай. Багш нар маань анх хүүхдүүдэд ойлгомжтой бус уйтгартай хэцүү талаас нь  заагаад байвал суралцагчийн  сэтгэхүйд хэцүү гэсэн ойлголт төрнө.Сэтгэхүйд  нэг л удаа хэцүү гэсэн ойлголт  төрчихвөл халширчихна. Ганцхан монгол бичгийг гэлтгүй аливаа зүйлийг ойлгоход хялбар дөхөм байдлаар сонирхолтой аргаар заах хэрэгтэй. Нэгэнт ойлгосон хүүхэд хүн аяндаа өөрөө багшаар шаардуулахгүй цаашаа сурдаг,ажиллахад хүндрэлтэй байдаггүй.

    -Та хичээлдээ ямар арга барил ашигладаг вэ?

    -Монгол бичгийг  хүмүүн бичиг гэдэг учраас анхлан суралцаж байгаа хүүхдүүдэд хүний биеийг дүрслэн тайлбарладаг. Шүд гэдэг бол хүзүү буюу эрүү,гэдэс бол хэвлий, шилбэ бол хүний хөл гэх мэт.

    Заримдаа жаахан махлаг багш нартайгаа ч дүрслэх тохиолдол бий/Инээв/

    Хоёрдугаарт, монгол бичиг нь үет үсгээс бүрддэг учраас эгшигт үсгүүдийг хүүхдэд хамгийн анх ойлгуулах хэрэгтэй. Эгшиг үсгийг сайн цээжлүүлж ойлгуулсны дараа гийгүүлэгч үсгийн онцлогийг таниулаад, хооронд нь харьцуулах, амилуулан үелж уншуулж бичүүлвэл болно доо. Монгол бичгийг  урлаг талаас нь  хараа зүйн үүднээс сайхныг дүрслэх мэдрэх талаас нь заавал бас үр дүнтэй.

    Мөн хүүхэд болгоны ойлгох тунгаах цээжлэх нүдлэх чадвар,  сурах арга барил өөр.  Миний хувьд хүүхдийг залхаахгүй, гол зүйлд анхаарч, чанартай гэрийн даалгавраар засахыг хичээдэг.

     -Та багаасаа л  монгол бичгийн хичээлд   дуртай байсан уу? 

    -Бидний үед наймдугаар ангид нэг цаг монгол бичиг ордог байсан учраас сурахад бэрхшээлтэй байв.  Миний хувьд монгол бичгийн галигласан үеүдийг нь цээжилчихдэг, багш асуухаар цээжилснээ уншчихдаг, ангидаа л хамгийн сайн уншдагт нь тооцогддог байлаа/Инээв/. Тэгтэл өдөр манай багш манай ангийнханд уншуулна гээд тэвэр дүүрэн монгол бичгээр бичигдсэн номнууд бариад ороод ирсэн. Ангийнхан маань ч намайг унш гээд… Зүгээр  цээжилчихсэн хүүхэд чинь гацаж түгдрээд, арай гэж  хэдэн үг уншсандаа би өөрөөсөө, багшаасаа, ангийнхнаасаа ичсэн.Тэгээд л  Чоймоо багшийн өөрөө сурах бичгийг ашиглаад бие даан сурч эхэлсэн тэр өдрөөс хойш монгол бичигт дуртай болсон.

    -Монгол бичгийг хойч үедээ, хүүхэд багачууддаа өвлөн үлдээхийн тулд бид юу хийж чадах вэ?

    -Аливаа сургалт бол тулгын 3 чулуу гэдэгчлэн багш, сурагч, эцэг эхийн хүчин чармайлт байж л үр дүнтэй явагдана. Хэн хүнгүй, бүгдийг төрөөс бэлдэж өгөх ёстой гэсэн хандлага бий болчихсон. Надад ч гэсэн тийм хандлага байсан.  Хүн өөрөө аливаа зүйлийг хийхийн төлөө  хичээвэл ямар ч саад бэрхшээл байсан даваад гардаг. Би зарим шалгалтын үеэр эцэг эхийг нь урьж , хүүхэдтэй нь хамт шалгалтыг явуулдаг. Бага ангийн сурах бичиг дээр гардаг “Муу сурсан ботгоны ээж ангийн хамгийн хойно суучихсан…” гэдэг зохиол шиг л юм болдог. Ингэснээр эцэг эхийн анхаарал, халамж, сурагчдын чармайлтыг нэмэгдүүлж чаддаг.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ