• Хонхны баяраар төгсөгчид осол гэмтэлд өртвөл сургуулийн удирдлагууд хариуцлага хүлээнэ

    Тун удахгүй ЕБС болон их дээд сургуулиудын төгсөлтийн баяр болно.  Энэ үеэр төгсөгчид анги даасан багш болон сургуульдаа хандив цуглуулах, амралт зугаалганд явах, улмаар архидан согтуурч элдэв гэмт хэрэгт холбогдох тохиолдол багагүй гардаг. Үүнээс сэргийлж БСШУЯ-наас төгсөгчдийг ил болон далд хэлбэрээр төгсөлтийн баяр зохион байгуулж  салхинд гарах, хандив цуглуулах  үйл ажиллагаа явуулахгүй байхыг тухайн сургуулиудад үүрэг болгосон байна.

    Хэрэв ямар нэгэн байдлаар аялал зугаалга хийн, төгсөгчид осол гэмтэлд өртвөл сургуулийн удирдлагууд хариуцлага хүлээх юм байна. БСШУС-ын сайдын 2018 оны  албан тоот тушаалаар аймаг, нийслэлийн Засаг дарга, боловсрол соёл, урлагийн газрын дарга нарт хуульд зааснаас бусад хандив тусламж авахыг хориглосон. Түүнчлэн, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажилтай холбогдуулан төлбөртэй давтлага явуулах, сурах бичиг худалдан авахыг тулгахгүй   байх,  эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан мөнгө хурааж авах, хөдөө орон нутгаар аялал, зугаалга хийх зэргийг хориглосон байдаг.

    Дээрх тушаалыг  хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ. Хэрэв дээрх тушаалыг зөрчиж эцэг эхчүүдээс зарцуулалт  нь тодорхойгүй  элдэв төлбөр, хандив шаардсан багшийн ёс зүйтэй холбоотой  зөрчил гарвал аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Багшийн ёс зүйн зөвлөлд,  эцэг эхчүүд дээрх асуудлыг ноцтой гэж үзвэл БСШУЯ-нд  хандаж гомдол гаргах эрхтэй. Хяналт, шалгалтаар хууль бус  төлбөр, хураамж савсан нь илэрвэл буцааж олгоно.

    БСШУЯ-нд өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн 96 цэцэрлэгтэй холбоотой энэ төрлийн гомдол  иржээ. Тус цэцэрлэг эцэг эхчүүдээс 20-50 мянган төгрөг буюу нийт зургаа орчим сая төгрөгийн хандив авсан  нь шалгалтаар тогтоож, эцэг эхчүүдэд буцаан олгожээ. Харин энэ онд хоёр гомдол ирсний дагуу шалгалтын ажил явагдаж байгаа юм байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ