• Ерөнхийлөгчийн Тамгын газар Б.Дэлгэрмааг Элчин сайдаас татах асуудлыг улстөржүүлсэн гэв

    УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг албан тушаалаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэн. Харин уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуудлыг улстөржүүллээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газарт үг хаялаа.

    Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваагийн танилцуулснаар “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

    Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэв. 

    УИХ-ын гишүүн О.БаасанхүүБ.Дэлгэрмаа намын дэд дарга болсон нь үнэн үү. Үнэн бол өргөдлөө өгөөд өөрөө ажлаа өгчихөж болдоггүй юм уу. Хоёр газар зэрэг ажиллах гээд байгаа юм шиг санагдаж байна. Өөрөөс нь асууж үзсэн үү, намын дэд дарга болсон эсэхийг нь тодруулсан уу. Манай улс чинь 32 намтай. Хэн нэгнийгээ зарлаад байвал Элчин сайдаас нь эгүүлэн татаад байх юм биш биз. Хоёрдугаарт Элчин сайдуудаа хэзээ томилох вэ. Солонгос, Швед, Япон зэрэг томоохон улсын Элчин сайд нараа томилмоор байна. 60 тэрбумаа нөхдүүд төлж дууссан уу.  Төлж чадаагүй бол хурдан төлмөөр байна. Улс орноо бүтэн болгох асуудал анхаармаар байна”.

    Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.ДавааБ.Дэлгэрмаа Элчин сайд АН-ын дэд даргаар томилогдсон албан ёсны тогтоол нь надад байна. Гаргасан өргөдөл нь журмынх нь дагуу шийдвэрлэгдэх байсан. Өргөдлөөс нь өмнө асуудал орж ирсэн”.

    УИХ-ын гишүүн Д.Дамба-ОчирЭлчин сайд нарын асуудлыг даруй оруулж ирмээр байна. Миний мэдэхийн сүүлийн гурван долоо хоног ярьж байна. Ирэх долоо хоногт Элчин сайд нарын асуудлаа хэлэлцмээр байна”.

    УИХ-ын гишүүн Д.ЭрдэнэбатИйм зөвшилцлийн бичиг ирүүлсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт харамсаж байна. Улстөржсөн утга бүхий шийдвэр гаргасан. Б.Дэлгэрмаа чамгүй сайн ажилласан гэж харж байгаа. Гэхдээ энэ хүнийг ажлаа өгөхөд нь нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирж байгаа нь буруу. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн. Хугацаа дуусч байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл. АН-ын ҮБХ дөрөвдүгээр сарын 07-нд хуралдсан. Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчхөөд улс төрийн албан тушаалд очсон. Зүй нь бол Ерөнхийлөгч өргөдөл өгсний дагуу гэсэн тайлбартай оруулж ирэх ёстой байтал улс төрийн албан тушаал давхар хашсан гэж улстөржүүлж оруулж ирсэн нь буруу” хэмээж байв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ