• Доктор,профессор Ж.Батхүү:МУИС “Phyto-acne” батгашилтын эсрэг тосыг гарааны компаниараа дамжуулан үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлсэн

    2019-04-25

    МУИС-ийн дэргэдэх “Эм Би Лаб” ХХК-ийн захирал, профессор Ж.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр хувийн хэвшилд судалгааны ажлаараа дамжуулан технологи дамжуулсан анхны эрдэмтэн болж байгаа юм.

    -МУИС болон “Монос”-ын хамтын ажиллагааны дүнд бий болсон Зуун настын цай бол оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд  оруулсны тодорхой жишээ-

    -“Монос” болон МУИС-ийн  хамтын ажиллагааны хүрээнд Зуун настын цайг зах зээлд нэвтрүүлсэн. Энэ нь оюуны өмчийг   хамтарч эдийн засгийн эргэлтэд оруулсан тодорхой жишээ.Оюуны өмчийн эзэн МУИС ашгийг ямар байдлаар хүртдэг вэ?

    -МУИС-ийн  Эрдмийн зөвлөлийн судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болон бүтээгдэхүүний маркетинг, борлуулалтын ажлыг нь “Монос” хариуцан хийсэн. “Монос “лицензийн гэрээний дагуу өмчилж байгаа боловч оюуны өмчийн хувьд МУИС-ийнх хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.

    -МУИС-ийн харъяанд нийт хэдэн патент байдаг вэ.Хэд нь эдийн засгийн эргэлтэд амжилттай нэвтэрч чадсан бэ?

    -МУИС-ийн харъяанд ойролцоогоор 10-15 ширхэг патент бий. Хамгийн сүүлд гэхэд МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр  шавь нартайгаа хамтран  Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах, дэвшилтэт технологийг ашигласан “Виртуал үзмэр” төслийг хэрэгжүүлж зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.

    -МУИС-ийн дэргэд байгуулагдсан  “Эм Би Лаб” гарааны компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш ямар үйл ажиллагаа явуулав?    

    -Манай сургуулийн хувьд хувийн хэвшлийн компанитай хамтарч лицензийн гэрээгээр оюуны өмчөө ашиглуулахаас гадна дэргэдээ гарааны компанийг байгуулах боломжтой болсон нь маш сайшаалтай хэрэг.   “Эм Би Лаб” гарааны компанийг МУИС-ийн дэргэд 2017 онд байгуулсан.  Phyto-acne, батгашилтын эсрэг тосыг гарааны компаниараа дамжуулан үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлээд байна. Өнөөдөр Монголын зах зээлд худалдаалж буй  батгашилтын  эсрэг бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь  антибиотик агуулсан, импортын бүтээгдэхүүнүүд байна. Импортын бүтээгдэхүүний хувьд монгол хүний арьсны онцлогт тохируулах судалгаа, хөгжүүлэлт хийгдээгүй байдаг. Харин Монгол, Япон эрдэмтдийн 10 жилийн хамтарсан судалгааны дүнд бий болсон Phyto-acne нь  монгол хүний арьсны онцлогт бүрэн тохирсон, байгалийн гаралтай, импортын бүтээгдэхүүнийг үнэ, чанарын хувьд орлохуйц байгаагаараа онцлог юм.

    -Гол орц найрлагын түүхий эдээ хэрхэн хангадаг вэ.  Өөрсдийн  үйлдвэрлэлийн байртай юу?
    -Гол түүхий эд болох ургамлаа дотоодоосоо авдаг. Гарааны компани учраас үйлдвэрийн шугамгүй. Эхний ээлжинд хөрөнгө,хүний нөөцөө зөв ашиглах шаардлагатай учраас бид өөрийн үйлдвэртэй байх шаардлагагүй гэж үзсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн шугамыг нэг өдөр түрээслээд, 1000 ширхэгийг үйлдвэрлэх байдлаар үйлдвэрлэлээ явуулж байна.

    -“Монос” группийн бүтээгдэхүүн группын дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгааны дүнд бий болдог гэдэг. Тэгвэл бусад эрдэмтэд, судлаачид ч бас оролцдог гэсэн үг үү?

    -Түүхий эд дээрээ чанар, хорын төвшин гэх мэт нарийн судалгаагаа Эм судлалын хүрээлэн дээр хийх боломж бидэнд бүрэн нээлттэй байдаг.  Судалгааг зөвхөн МУИС дээр хийдэггүй гэсэн үг л дээ. Аль болох хоёр талынхаа нөөц бололцоог ашиглаж, хамтдаа урагшлах зарчим дээр хамтын ажиллагаа маань явагддаг.

    -Нэг талаас эрдэмтэд, судлаачид, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн  хамтраад оюуны өмчийг эдийн засагт эргэлтэд оруулахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?

    -Зуун настын цай, Phyto-acne бүтээгдэхүүнүүдийн хувьд Шинжлэх ухаан технологийн сангаас анхан шатны суурь судалгааг санхүүжүүлсэн. Харин түүнээс гарсан үр дүнд суурилан бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх тал дээр хувийн хэвшилтэй хамтрах нь зүйтэй.  Эрдэмтэд маань оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулсан нь их цөөхөн. Судалгааны ажлынхаа үр дүнг патент болгоод авчихаараа санаа амарчихдаг нь эрдэмтэд бидний нэг дутагдал. Хамгийн хэцүү ажил нь патент авахаас  илүүтэйгээр судалгааны ажлаа бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах гэдгийг эрдэмтэд маань анхаараасай. Нөгөө талаар, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид маань нэг судалгааны ажлын үр дүнгийн цаана судлаач, эрдэмтдийн олон жилийн хөдөлмөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ