• Б.Хурц генералыг цааш нь шалгах уу, яах уу

    ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг ЭЦГ-аас С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр яллагдсан  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэсэн хэрэгтэй холбоотойгоор саатуулаад байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн. Үүний дагуу тэрбээр тайлбар өгөхөөр очсон ч улсын нууцтай холбоотой асуудлуудыг хөндсөн учраас “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэсэн гэнэ. Тиймээс  ТЕГ-ын экс даргыг 48 хоногийн хугацаатайгаар саатуулах шалтаг болсон хэмээж байна. Б.Хурцыг саатуулах хугацаа өнөөдөр орой дуусгавар болно.Тиймээс түүнийг суллах, аль эсвэл үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ.

    Генерал Б.Хурцыг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан гурван хүнийг эрүүдэн тамлаж хэрэг хүлээлгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тухай УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгддэг. Мөн тэл Б.Хурцыг “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ авсан асуудалд ч холбоотой гэдэг. Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед эдгээр асуудал болон УИХ-ын гишүүд, улстөрчид түүнд “төмсөгдүүлсэн” тухай яригдсан. Тиймээс Ж.Батзандан нар санаачлаад томилгооны сонсголыг хийсэн ба түүн дээр асуудлууд хурцаар яригдсан. УИХын АБГББХ-ны хурал дээр Б.Хурц нь УИХ-ын гишүүн Л.Болдыг БХ-ын сайд байхдаа Хойд Солонгост байлдааны онгоцны мотор зарснаас болж тус улсын армийн холбогдох албан тушаалтнууд цаазаар авахуулж, Монголын армийн нэртэй дарга нар ял авч хохирсон. Мөн Ж.Батзандан гишүүний ах нартай холбоотой хууль бус асуудлууд бий хэмээн яриад “Тэгээд цааш нь ярих юмуу, гишүүдээ” хэмээн асууж бааварлаж байлаа. Тухайн үед Б.Хурцыг улстөрчдийн “но”-той асуудлуудыг мэддэг, баримтжуулсан байдаг тухай яригдсан. Тиймээс ч хэдий БНСУ-д Элчин сайдаар томилсон ч Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь албан ёсоор өгч ажилд нь оруулаагүй өнгөрсөн хэмээдэг. Мөн Б.Хурцыг Ц.Элбэгдорж нарын МАНАН бүлэглэлийн гол хүмүүсийн нэг болох тухай ч яригдсаар ирсэн.

    Саяхан УИХ-ын чуулганы нэгэн хуралдаан дээр Ж.Батзандан С.Зориг агсны амь насыг 1998 онд гэрт нь хөнөөсөн. Зарим улстөрч мэдэхгүй сонсоогүй юм шиг явж байна. Ж.Наранцацралт , О.Дашбалбар, О.Энхсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга асан Ц.Дангаасүрэн агсан, цааш яривал н.Төмөр-Очир гуай яагаад алагдав. Яривал олон юм байгаа. 20, 21 дүгээр зуун Монголын эх орончдын амийг хөнөөсөн зуун байсан. Яагаад 10 сарын 2-нд тэднийг хөнөөв. Энд байгаа улстөрчид мэдэхийг хүсдэггүй. Бүх юм утга учиртай.  Гэтэл манай УИХ-ын гишүүд яагаа ч үгүй гээд яриад сууж байна. Ичих хэрэгтэй. Өнгөрсөн жил би энэ танхимд намайг ТЕГ-ын дарга Б.Хурц оронд чинь ална гэж байна гэж хэлсэн. Гэрч нь энэ Л.Болд гишүүн байна. Хэн ч тоогоогүй ш дээ. Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүд та нар дохионы хэлээр ярьдаг байсан шүү дээ.  Б.Хурцаас, Ц.Элбэгдоржоос айгаад  нэрийг нь хэлж чаддаггүй байсан. Н.Энхбаярын нэрийг хэлж чадахгүй хамар амаа заадаг байснаа мартсан уу. Ордон дотор гишүүд дохионы хэлээр ярьдаг байсан. Энэ хэргийг шалгуулъя гэхээр ихэнх нь зугтдаг байсан” гэж байлаа.

    Тэгвэл ийм нэг цуглуулсан мэдээлэл ихтэй, тэр чинээгээрээ асар их нөлөө бүхий генералыг ЭЦГ-аас саатуулаад байна. Харин Б.Хурцыг 48 цаг саатуулаад суллах уу, эсэхүл үргэлжлүүлэн хорьж шалгах уу хэмээх асуудал гарч ирээд байна. Б.Хурцыг шалгаж байж л тэр шударга уу, эсэхүл эсрэг талд нь байгаа нэр бүхий улстөрчид шударга уу гэдэг нь тогтоогдоно. Тиймээс л Б.Хурцыг түүний өөрийнх нь хэлсэн шиг цааш нь шалгах уу, яах уу гэдэг сонирхолтой сэдэв байх болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ