Фэйсбүүк Монголд зориулж програмаа өөрчилдөггүй л юм бол регистрээр бүртгүүлэх боломжгүй

2019-04-24

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд фэйсбүүк ашиглахдаа регистрын дугаараар бүртгүүлнэ хэмээн  буруу тайлбарласныг, хэвлэлүүд олон нийтэд мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Бид нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэл рүү анхаарч ажиллаж байна. Түүнээс биш нийгмийн сүлжээг ашиглахад хязгаарлалт хийх эрх байхгүй. Харилцаа холбооны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэх тухай яриагүй. Гар утасны дугаараар буюу “Mobile ID” үүсгэж фэйсбүүк ашиглах тухай хэлэлцсэн. Энэ зүйл заалтыг хуульд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, Mobile ID   үүсгэж, гар утасны дугаараар фэйсбүүк ашигладаг болсноор ард нь байгаа эзэн нь тодорхой болох юм” гэлээ.

Бид Фэйсбүүк, твийтэр хаяг ашиглахдаа  одоо ч  гар утасны дугаар, мэйл хаягаараа бүртгүүлдэг. Бүртгэлжүүлэлт хийснээр тухайн гар утасны дугаарын эзэмшигч нь  регистрийн дугаартайгаа, бүх мэдээлэл нь багтсан байх юм байна. Тодруулбал,  тухайн иргэнийг цахим орчинд хэн бэ гэдгийг таних гол хэрэгсэл болох ажээ. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд дээрх мэдээллийг  буруу ярьж, хэвлэлүүд ташаа мэдээлжээ.

Гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг үйлчлэгч байгууллага буюу үүрэн холбооны оператор компаниуд хийх юм байна.  2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар байсныг бүртгэлжүүлж, 42 мянга болгожээ.Идэвхтэй ашиглагдаж буй нийт гар утасны дугааруудын 99  хувийг бүртгэлжүүлсэн гэсэн үг. Саяхан “Фэйсбүүк” компанийн төлөөлөл Монголд ирж, албаны хүмүүстай хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд манай улстай “Ногоон суваг”-ийн холбоо үүсгэхээр болжээ. Ингэснээр нийгмийн сүлжээнд хүнийг гүтгэсэн, садар самуунд сурталчилсан зэрэг сөрөг мэдээлэлд богино хугацаанд хариу өгч ажиллах боломжтой болж байгаа юм байна. Дээрх хууль батлагдчихвал, фэйсбүүк компани руу манай улсын хуулийг хүндэтгэж ажиллах тухай хүсэлт тавих ажээ.

Түүнээс биш шууд регистрээ хийгээд фейсбүүкт бүртгүүлнэ гэсэн ойлголт байхгүй.Фэйсбүүк Монголд зориулж програмаа өөрчилдөггүй л юм бол регистрээр бүртгүүлэх боломжгүй гэсэн үг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ