Л.Болд, Ж.Батзандан нар Б.Хурцыг сайн шалгах ёстой гэж үзэж байна

2019-04-24

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн шөнө  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай обьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс  баривчилсан. Одоо түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 421 дүгээр ангид  саатуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нараас тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хурцтай холбоотой эрүүгийн олон том хэрэг байгаа. Эрдэнэтийн 49 хувийг эрх мэдлээ ашиглаж ХХБ-нд авч өгсөн, олон аж ахуйн нэгж, компанийн өмч хөрөнгийг дээрэмдсэн, лицензийг нь булаан авсан.  Тухайлбал, “Жаст”-ын Батхүүгийн хөрөнгийг тоносон гэх мэт олон хэрэг бий. Мөн Зориг агсны хэргийг шалгахдаа эрүүдэн шүүсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудад үүрэг өгсөн гээд Хурцтай холбоотой эрүүгийн хэрэг олныг ярина. Манан, мафийн бүлэглэлийнхэн сүүлийн 20 жил хуулийн өмнө хөндлөн чулуу болж, хуулийг хөдөлгөхгүй тээглэж ирлээ.Одоо хөдлөх цаг нь болсон. Хурц, Бадамжунай мэтийн гэмт хэргийн олон том бүлэглэлийг барих ёстой. Тэд ялаа аваад явах ёстой газар руугаа явах ёстой гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Ийм мэдээллийг би мэссэжээр авлаа. С.Зоригийн хэрэгт холбогдуулан хоёр хүнийг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчид  үзсэн. Монгол Улсад байж боломгүй явдал.  Энэ бол олон улсын хэмжээний гэмт хэрэг. Тиймээс эрүүдэн шүүх үүргийг хэн өгсөн, хэн гардаж хийснийг хуулийн дагуу шалгах ёстой.

БНСУ-д Элчин сайдаар Хурцыг томилох асуудлыг нээлттэй хэлэлцүүлж байсан. УИХ ард иргэдээ хүндэтгэсэн бол  буруу томилгоо хийхгүй байх байлаа. Солонгос улсын өмнө манай улс эвгүй байдалд орж байна. Солонгост нэг аймгийн дайтай монголын 50 гаруй иргэн ажиллаж  амьдарч байна. Тэдгээр иргэдийн эрх ашиг зөрчигдөж, Монгол Улс дипломат түүхэндээ орж байгаагүй эвгүй байдалд орсон. Үүнээс хойш УИХ буруу томилгоо хийхгүй байх гэж бодож байна.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг Тагнуулын байгууллага хариуцан явуулж байсан бөгөөд  тухайн үед тус байгууллагыг Б.Хурц удирдаж байсан. Мөн энэ хэрэгтэй холбогдуулж, энэ сарын 18-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос бас тайлбар авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ