• Ц.СҮХБААТАР: ЭРХ БАРИГЧДЫН ҮЙЛДЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ИМИЖИЙГ ЭВДЭЖ БАЙНА

    Ардчилсан нам Үзэл баримтлалаа тодорхойлж, баруун төвийн үзэлтэй улс төрийн хүчин байхаа зарласан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам цаашид сонгуулиас сонгуулийн хооронд үл гүйцэлдэх УТОП шинжтэй амлалтуудаар ард түмнийг бялууруулж, улс төрийн индэрт поп “концерт” тоглохгүй гэсэн үг. Тэд Үзэл баримтлалынхаа дор нэгдэж, зарчим ярьж, тооцоо, судалгаанд суурилсан шийдлүүдийг ард түмэнд санал болгоно.

    Алдаатай, оноотой ч монголчуудад үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг авчирсан Ардчилсан хувьсгал 30 насныхаа босгон дээр иржээ. Ойн хүрээнд Ардчилсан нам олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Монгол-Ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын хурал. Энэ тухай Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга, Элчин сайд асан Ц.Сүхбаатартай ярилцлаа.

    -Чили улсад зохиогдсон ОУАХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцоод иржээ. Энэ удаагийн хурлын онцлог юу байв?

    -Ардчилсан нам нь ОУАХ (Олон улсын Ардчиллын холбоо)-ны гишүүн байгууллага. Баруун төвийн үзэлтэй намуудыг нэгтгэсэн ОУАХ нь дэлхийн хөгжингүй орнуудын удирдагчид болох Рональд Рейган, Маргарет Тэтчер зэрэг хүмүүсийн оролцоотойгоор 1983 онд байгуулагдсан түүхтэй. Монголын Ардчилсан нам 1993 оноос энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Улмаар 1997 онд ОУАХ-ны бүрэн эрхт гишүүн болсон. Тус байгууллага нь дотроо бүсийн холбоод болж хуваагддаг. Тухайлбал, Ази номхон далайн орнуудын Ардчилсан холбоо, Европын Ардчилсан холбоо, Карибын тэнгисийн орнуудын Ардчилсан холбоо гэх мэтээр тив, тивээрээ бүсийн байгууллагууд болж хуваагддаг. Улмаар бүгд нэгдэж жилд хоёр удаа хамтарсан хурлаа зохион байгуулдаг юм. Уламжлалын дагуу энэ жилийн гүйцэтгэх зөвлөлийн хурал Чили улсын Сантяго хотноо зохион байгуулагдаж, Ардчилсан намыг төлөөлж Дэд дарга Р.Амаржаргал болон миний бие оролцоод ирлээ. Латин Америкт болсон учраас бүс нутгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж, санал солилцлоо. Мөн дэлхий дахинд өрнөж буй улс төр, эдийн засгийн асуудлаар оролцогчид санал солилцож, ярилцсан үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ удаагийн гүйцэтгэх зөвлөлийн хуралд Ардчилсан нам онцгой ач холбогдол өгч оролцлоо. Учир нь Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд “Монгол-Ардчиллын баянбүрд” сэдвийн дор олон улсын томоохон хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Тиймээс ч энэ удаагийн хуралд оролцож, олон улсад Монголын Ардчиллыг хэрхэн үнэлж, дүгнэж байгааг ярилцаж, санал бодлоо солилцох нь чухал байлаа.

    -Олон улсын хурлын үеэр Монголын ардчилалд тулгараад буй аюулын талаар ярилцана гэж байсан. Монголын ардчилалд бодит аюул тулгарсан гэж үзэж байна уу?

    -Бид хурлаа ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч тухайн сард нь ОУАХ-ны томоохон форум АНУ-д зохион байгуулагдах юм байна. Иймээс Улаанбаатар хотод зохион байгуулах хурлынхаа товыг эргэж харахаар болсон. Энэ хурлын үеэр хэд, хэдэн асуудлын хүрээнд ярилцахаар төлөвлөж байна. Тухайлбал, Монголын Ардчилалд ямар бодит аюул тулгараад байгааг эрдэмтэн, судлаачид, гишүүд, дэмжигчид, гадны улс төрийн намуудын төлөөлөлтэй ярилцана. Монгол Улсын төрийн тэргүүн “Ардчилал хад мөргөлөө, мухардлаа” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид парламентын Ардчиллыг хадгалахын төлөө хичээсэн, хадгалж ч ирсэн. Гэтэл эрх баригчид парламентын дархлаа, шүүхийн бие даасан байдалд халдсан хууль баталлаа. Эдийн засгийн бодлого руу халдаж эхэлж байна. Энэ бүхнээс харахад Монголын ардчилалд бодит аюул учирсан гэж бид үзэж байгаа. Ардчиллын үнэт зүйл, суурь зарчмаа хадгалж цааш явахад хүндрэлтэй болсон. Тиймээс ч олон улсад энэ байдлаа таниулж, хэлж ярих хэрэгтэй гэж үзсэн учраас энэхүү хурлыг зохион байгуулах гэж байгаа хэрэг.

    -Чили улсад зохион байгуулагдсан хурлын үеэр мэдээж Венесуэлийн асуудал хөндөгдсөн байх. Монгол Венесуэлийн замаар алхаж байгаа талаар хэвлэлүүд төдийгүй судлаачид ярих боллоо.

    -Латин Америк бол өнгөрсөн зуунд тусгаар тогтнож, хөгжиж буй тив. Өнгөрсөн хугацаанд иргэний дайн, хувьсгалт тэмцэл зэрэг асуудал их байсан ч одоо нэлээн тогтворжиж эхэлж байна. Саяхан л үймээн самуунтай, тогтворгүй байсан улсууд дэлхийн хөгжингүй орнуудын түвшинд эн зэрэгцэж, эдийн засаг нь сэргэж, хөгжлийн зөв голдрил руугаа ороход баруун төвийн үзэлтэй намуудын үүрэг оролцоо маш их байсныг онцолмоор байна. Чилийн жишээг энд дурдаж болно. Чили улсын хувьд Монголтой ижил, төстэй зүйл олон бий. Жишээ нь байгалийн асар их баялагтай, зэсийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч орон шүү дээ. Тэд байгалийн баялгаа зөв ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар Латин Америктаа тэргүүлэх орон болчихсон байна. Чили улс нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэх болжээ. Харин буруу замаар будаа тээвэл юунд хүргэдгийн жишээ Венесуэль юм. Энэ асуудалд хуралд оролцогчид нэлээн анхаарал хандуулж ярьсан. Венесуэлийн төлөөлөгч оргож, зугтаж, бараг явган нүцгэн хил гарч гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцсон. Тэр хүн хил гарч гүйж ирээд өнгөрсөн 20 жилд Венесуэль гэдэг оронд юу болсон тухай ярьж байна л даа. 20 жилийн өмнө Уго Чавес гэгч нөхөр лоозон барьж, популист уриа дэвшүүлж гарч ирснээр Венесуэлийн сүйрлийн эхлэлийг тавьсныг хуралд оролцогч хэлж байсан. Венесуэльд өрнөсөн процессыг харах юм бол хэт зүүний юм уу, хэт баруун чиглэлийн амлалтууд, үндсэрхэг үзэл зэрэг нь Монголд өнөөдөр өрнөж байгаа үйл явдалтай адилхан. Популизмын уршгаар хэвийн байсан улс орныг сүйрүүлжээ. Венесуэль орон өнөөдөр наад захын хэрэгцээгээ хангаж чадахаа больсон байна. Мөнгөнийх нь ханш хэдэн мянга дахин унаж, цаас болж хувирсан, иргэд нь эмнэлгийн ямар ч үйлчилгээ авч чадахгүйд хүрч, усны хэрэгцээгээ ч хангаж чадахаа больжээ. Эдийн засаг нь сүйрэлд орж, 4-5 сая иргэн нь хил залгаа орнууд руугаа дүрвэснээр Венесуэлийн асуудал дотоодоосоо хальж, бүсийн хэмжээний хямрал болж хувирсан байна. Тус улсад өнөөдөр иргэний дайн дэгдэхэд бэлэн аюултай байдал бий болчихсон. Гэтэл 20-хон жилийн өмнө хэвийн сайхан байсан Венесуэлийг төрийн алдаатай бодлого, хий хоосон амлалт, популизмд живүүлснээр ийм байдалд хүрсэн. Баруун төвийн үзэлтэй улс төрийн хүчин цөөнхийн үүрэг гүйцэтгэж, хавчигдаж байсан ч тэд улс орныхоо хувь заяаг буруу зүгт хэлбийж байгааг олж хараад өндөр хөгжилтэй орнуудаас дэмжлэг хүсч, Ардчиллын ололтуудыг үгүй хийх, үнэт зүйлд нь халдах оролдлогыг зогсоохыг хичээсэн байгаа юм. Гэвч алдааг бага дээр нь засч чадаагүй, нөхцөл байдлыг даамжруулсан байна л даа. Энэ бол зөвхөн Венесуэлийн асуудал биш тивийн хэмжээний асуудал. Монголчууд ч гэсэн үүнээс сургамж авах л ёстой.

    -Сургамж авах нь бүү хэл Засгийн газар нь видео студи шиг ажиллаж, их хурлын гишүүд нь ЖДҮ, 60 тэрбум зэрэг ноцтой хэрэгт холбогдсон хэрнээ сандал суудлынхаа төлөө тэмцэлдэж байна шүү дээ?

    -Дэлхий даяарчлагдаж, мэдээллийн хэт урсгалаас болж улс төрийн уламжлалт соёл алдагдагдаж байна. Ялангуяа популист улс төрчдөд өнөөгийн мэдээллийн урсгал, сошиал маш их боломж олгож байгаа юм. Хэн гоё ярьсан нь түрүүлдэг уралдаан ч юм шиг. Гэтэл улс төр гэдэг бол уран үгийн уралдаан биш. Жишээ нь Ардчилсан нам өөрийн гэсэн Үзэл баримтлалаа тунхаглачихаад түүгээрээ популизм хийж болохгүй. Үзэл баримтлалынхаа дагуу бодлогоо ярина. Бодлогоо хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ. Маш ойлгомжтой асуудал. Гэтэл популизмын аюул нь үл гүйцэлдэх зүйл яриад олонхийн дэмжлэг авчихдаг. Төрийн эрхийг гартаа авангуутаа баахан гоё, сайхан зүйл ярьдаг. Гэвч биелсэн нь ховор. Венесуэльд ийм л зүйл болсон шүү дээ. Цэцэглэн хөгжиж байсан орныг 20 жилийн дотор эмгэнэлтэй байдалд оруулчихсан байгааг бүгд л харж байгаа. Бид ч ялгаагүй буруу замаар будаа тээвэл ийм ирээдүй ойрхон байгааг мартаж болохгүй. Монголд 60 тэрбумын дуулиан дэгдэхэд М.Энхболд гэдэг хүнийг огцруулах маш том популист акц өрнөсөн. Жагсаал зохион байгуулж, буруу, зөрүү мэдээлэл олон нийтэд түгээснийгээ мундаг юм хийчихлээ гэж популист улс төрчид ярьж байх жишээтэй. Тухайн үед Ардчилсан нам зарчмын байр сууриа илэрхийлсээр байсан. Бид зарчим л ярьсан. Ардчилсан Монгол Улсад хууль ёсны дагуу л бүх зүйл шийдэгдэх ёстой, парламентын Ардчиллаа хамгаалах тухай зарчмын байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл Ардчилсан нам “МАНАН”-г хамгааллаа, 60 тэрбумыг хаацайллаа, М.Энхболд гэдэг хүнийг дэмжлээ гэх зэргээр давшилж байсан шүү дээ. Энэ бол популизмын нэг хэлбэр. Уг нь Их хурлын даргаа авч хаяна уу, хэвээр үлдээх үү гэдэг чинь МАН-ын, эрх баригч намын дотоод асуудал. Тэртээ тэргүй 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, парламентын дийлэнхийг МАН бүрдүүлсэн, бүх эрх мэдэл нь өөрсдөд нь байхад өөр хоорондын тэмцлээ улс орны хэмжээний асуудал болгон дэвэргэх шаардлага байгаагүй. Популизмын нэг аюул нь гол асуудлаа олж харж чадахгүйд хүрч, хэн нэг хүнтэй тэмцээд эхэлдэг. Өнөөгиийн эрх баригчид Ардчиллын гол тулгуур болсон үнэт зүйлс рүү халдаж байна. Нэг хууль батлаад л парламентын дархлаа руу халдаж байна. Хэдэн хүнийг авч хаяхын тулд шүүх эрх мэдлийн халдашгүй байдал руу гар дүрж байна. Монголд өрнөж буй улс төрийн энэ бүх үйл явцыг зөвхөн бид хараад суугаад байгаа юм биш. Олон улсад ч гэсэн мэдэж байна, бусад орны улс төрчид ч гэсэн ярьж, хэлж, сануулж байна шүү дээ. Чилид болсон олон улсын хуралд оролцогчид Монголын ардчилалд аюул тулгарсныг анхааруулж байсан.

    -Эрх баригчдын дотоод асуудал гэснээс МАН-ын зодоонд Ардчилсан нам оролцоод бүлэггүй болчихлоо гэж шүүмжлэгсэд байна. АН-д сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх боломж байна уу?

    -Ардчилал өндөр хөгжсөн оронд намын дотоод асуудалд хутгалддаг хууль эрх зүйн орчин байхгүй. Сөрөг хүчин нь гурав байна уу, 30 байна уу хамаагүй эрх баригчдын шийдвэрт байр сууриа илэрхийлдэг, олон нийтэд мэдэгддэг ийм систем л ажилладаг. Гэтэл Монголд эсрэгээрээ сөрөг хүчин гэхээр бараг ардын дайсан ч юм шиг, аль болох доош нь хийж, дарж, хувийн болон гэр бүлийнх нь нэр хүндэд халдан гутаан доромжилдог буруу жишиг тогтчихлоо. Бусдыгаа доромжлон гутаах уралдаан, тэмцэл, тулаан ч юм шиг. Энэ бол үнэхээр утгагүй тогцолцоо. Улс төрийн соёл тогтож чадахгүй байгаагийн илэрхийлэл. Аль ч нам төрийн эрхийг барьсан цөөнхөө заавал хүндэтгэж, байр суурийг нь сонсч байх ёстой.

    -Элчин сайд байсан хүнтэй уулзсаных Монгол Улс ШХАБ-т элсэх асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй нь. Таны байр суурийг сонсмоор байна?

    -Дэлхийн хэмжээний том гүрнүүд эргэн тойрондоо нөлөөллөө тогтоох хүсэлтэй байдаг. Жишээ нь ОХУ яагаад Украйнтай муудалцаад байгаа юм. Украйныг өөрийнхөө нөлөөнд байлгах хүсэлтэй байна. Гэтэл Украйн үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Хойд хөршийн хувьд Казахстан, Узбекстан Беларусь зэрэг үнэт зүйл нь өөр улсуудтай хэл амаа ололцоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт ардчилсан нийгмийг хүсдэг, сонгох, сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлдэг, нэг ерөнхийлөгч сонгогдчихоод 10-20 жил болдог тэр тогтолцоог эсэргүүцдэг улс орнууд аль нэг их гүрний нөлөөлөлд автахыг хүсдэггүй юм. Өнгөрсөн XX зууны Монголчууд ЗХУ-ын бараг бүрэлдэхүүн орон шиг байсан шүү дээ. Харин 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар бүрэн эрхт, бие даасан улс болсон. Монголчууд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай гадаад бодлогын хувьд ойр ажиллахыг хүсч байна. Барууны өндөр хөгжилтэй орнууд бол Монголын хөгжлийн модель. Түүнээс биш Монгол Улсын хөгжлийн модель нь ОХУ биш, БНХАУ бол бүр ч биш. Монголчууд барууны өндөр хөгжилтэй орнууд шиг тийм л хөгжингүй улсад амьдрахыг хүсч байгаа. Эдийн засаг нь хөгжсөн, ард түмэн нь өндөр боловсролтой, улс төрөөс ангид, соёлтой, тайван нийгэмд амьдрахыг хүсч байна. Гэтэл хоёр хөршид монголчуудыг ингэж амьдруулах сонирхол байхгүй. Мэдээж Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх нь зүйн хэрэг. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогоо баримталж, өөрийн бодлогоор хөгжих эрхтэй. Энэ нь мэдээж амаргүй л дээ. Магадгүй дэлхийн хоёр том гүрний дунд оршиж буй жижигхэн Монголын зовлон энэ байх. Жишээ нь АНУ монголыг дэмжсэн бодлого явуулж байна. “Мянганы сорилтын сан”, H2 виз, гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хууль батлагдсан зэрэг дэмжлэгүүдийг нэрлэж болно. Гэтэл Монгол Улс ШХАБ-т элсэх юм бол гуравдагч хөршүүд бодлогоо эргэж харахад хүрнэ шүү дээ. Тухайлбал, Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлал хийж байна. Айлчлалын үр дүнг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байгаа. Ер нь өнөөгийн Засгийн газрын тэргүүн, эрх баригчдын удаа дараагийн болчимгүй үйлдлүүд, бодлогын алдаанууд дэлхий дахинд Монгол Улсын имижийг эвдэж байна. Монгол Ардчиллын баянбүрд болж, тайван замаар Ардчиллыг хөгжүүлж ирсэн имижийг алдагдуулж байна шүү дээ. Энэ бол урт хугацаандаа маш хортой.

    Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” сонин 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ