• Ч.Хүрэлбаатар: 2021 оноос эхлэн төлөгдөх 2.9 тэрбум ам.долларын өрийг эдийн засаг, иргэдийн амьдралд дарамт учруулахгүй байхаар төлж барагдуулна

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн асуудлуудын талаар мэдэгдэл хийлээ.

    116 арга хэмжээ бүхий “Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн баримт бичгийг улсын их хуралд өргөн мэдүүлнэ

    • 2020 онд эдийн засгийн өсөлтийг зургаан  хувь, инфляцийн төвшинг найман хувь, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 5.1,  гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тус тус тооцсон.
    • “Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх 400 гаруй хүсэлт ирснээс, хэрэгжих нөхцөл байдал, боломжийг харгалзан үзэж нийт 116 арга хэмжээг 10 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

    “Хэрэгжүүлэх арга хэмжээ их ч Монгол улсын өрийн хэмжээ,хэрэгжүүлэх боломжийн хэмжээгээр хязгаарлагддаг, мөн хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн учраас ийнхүү 116 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв.

    2020 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНД БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ, ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ТӨСВИЙГ НЭМЖ ОРУУЛНА

    • Цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлнэ.
    • Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэнэ.
    • Сонгуулийн дараа эхэлсэн бүтээн байгуулалт царцах хандлагатай байдаг учраас 2019 онд хөрөнгө оруулалт хийгдэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, 2020 онд дуусгана.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилгын ажлуудыг улсын төсөвт оруулах чиглэлийн дагуу нэмж оруулахаар болжээ.

    2021 ОНООС ЭХЛЭН ТӨЛӨГДӨХ 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ ЭДИЙН ЗАСАГ, ИРГЭДИЙН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙ БАЙХААР ТӨЛЖ БАРАГДУУЛНА

    • 2018 оны эхэнд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8 хувийг эзэлж байсан бол 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Өрийг үе шаттай бууруулах бодлого баримталсны дүнд 2019 онд Монгол улсын Засгийн газрын өрийн хэмжээ дотодын нийт бүтээгдэхүүний 55.3 хувийг эзэлж байна.
    • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хувийн банкаар бус төрийн сан дээр байршуулж явна. Хувийн банкинд байршуулахад өндөр хүү бодогддог хэдий банк дампуурлаа зарлавал их хэмжээний хохирол учрах эрсдэлтэй.

    Ч.Хүрэлбаатар:

    2019,2020 онд төлөх томоохон өр, төлбөр байхгүй ч 2021 оноос Загсийн газар нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулах шаардлагатай. Нийт 2.9 тэрбум долларын өрийг эдийн засаг, ханшинд дарамт учруулахгүй байхаар төлж барагдуулах бодлогыг “Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д багтаасан.

    2.9 тэрбум ам.долларын өрийг задлабал 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам. доллар, 2024 онд  “Хуралдай” бондын 600 тэрбум ам.долларыг тус тус төлж барагдуулна.

    Гадаад зээлийг авахдаа маружингийн цех санхүүжүүлэх маягаар бус эдийн засаг, нийгмийн үр ашгийг нь бодож гаргах нь зүйтэй.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСЫГ ИРГЭН, ААН ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРЭН БҮРДСЭН

    Өнөөдөр 196 тэрбумын төгрөгийг ашигтай явж байгаа учраас үнэт цаас гаргах шаардлагагүй боловч энэ хүрээнд эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Засгийн газрын үйл ажиллаагааг орчин үеийн чиг хандлагатай уялдуулан явуулах хэрэгтэй учраас үнэт цаасыг блокчейн платформоор дамжуулан иргэд, ААН-үүдэд худалдахаар төлөвлөжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ