• МАК компани Өмнийн говьд 40 км өргөн,270 гаруй км  олон салаа зам үүсгэж,газрын хөрсийг талхлаад байгаа гэв

    2019-04-24

    Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  компаниуд  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  сум, аймгийн Засаг дарга нартай “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, үүнийхээ дагуу хөрөнгө төвлөрүүлж,   орон нутгийн хөгжилд  зарцуулах болсон.    Хамгийн ихээр уул уурхайд өртөж, газар нутаг нь сүйдсэн Төв аймаг гэхэд л жилд нэг тэрбум гаруй төгрөгийг  төвлөрүүлэх боломжтой болжээ.

    Харин нийгмийн хариуцлагаа ухамсарладаггүй, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаггүй уул уурхайн компанийн жишээгээр   Өмнөговь аймгийн   Гурвантэс, Баяндалай, Ноён зэрэг сумдын нутгаар дамжин тээвэрлэлт хийж байгаа үндэсний томоохон компани МАК-ийг нэрлэлээ.

    Энэ тухай Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан  www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ганхуяг ярьсан юм. Түүний ярьснаар МАК компанийн тэсэлгээний том аврын машин хөрсийг ихээр эвдэж,  тоосжилт ихээр үүсгээд байгаа ажээ. Үүнээс улбаатай өргөнөөрөө  40 км, 270 гаруй км  олон салаа зам үүсэж талхлагдаад байгаа  гэнэ.

    Орон нутгийн Засаг захиргааны зүгээс 2016 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай санал тавьж ирсэн ч тус компанис орон нутагт тодорхой хэмжээгээр ус ашигласны төлбөр гэх мэт төлбөрийг төлж байгаа, энэ нь хангалттай  гэх тайлбарыг өгсөөр ирсэн байна. Тиймэсэ орон нутгийн удирдлагуудын зүгээс одоо тээвэрлэлт хийж буй замаа сайжруулсан шороон зам болгох   шаардлагыг тавиад байгаа аж.

    “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”-г 2006 онд Ашигт малтмалын тухай хуулиар зүйлчилж өгсөн байдаг. Ингэхдээ уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчинг хамгаалах гэсэн ерөнхий гурван заалтыг оруулж, хамгийн чухал орон нутгийн хөгжлийг дэмжих тухай орхигдуулсан байна. Уг хуулийн хэрэгжилт хангалтгүй  байгаа нь МАК зэрэг компаниудын үйл ажиллагаанаас харагдаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ