ФОТО:Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт эхэллээ

2019-04-24

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх удаа зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал зэрэг бусад албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургууль нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байгаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан цөөнгүй обьект Улаанбаатар хотод байгаа юм. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгч, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдвэрлэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж ажиллах учиртай.

Цаашдаа бид гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэдгийг онцлов.Улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлжээ.  2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос энэ тоо 10 дахин нэмэгдсэн байна. Харин энэ  оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болжээ. сЭнэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгджээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ