Шинэ төмөр зам төсөлд солонгосчууд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

2019-04-23

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-тай “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлсэн үгэндээ “Энэ өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар бидний олон жилийн хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Мөн “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-ын Гүйцэтгэх захирал Ким Санггиуны 10-аад жилийн тэртээ эхлүүлсэн ажил үргэлжилж буйд баяртай байна. Ингээд бид Шинэ төмөр зам төсөл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад техникийн хамтын ажиллагаа эхлүүлж, төмөр замын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, харилцан туслах зэрэг асуудлыг тусгасан санамж бичиг байгууллаа. Өнөөдөр Монгол Улсын  ЗТХ-ийн сайдтай уулзах уулзалтаар маш яаралтай хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэж тохирсон. Ажлаа яаралтай эхлүүлж, үр дүнгээ үзэх хэрэгтэй” гэв.

Мөн “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-ын Гүйцэтгэх захирал Ким Санггиун: “Бид 10 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлж байсан. Өдийг хүртэлх хугацаанд бодитой ажил хэрэгжүүлсэнгүй. Өнөөдөр бидний зурсан санамж бичиг дээр үндэслээд “Монголын төмөр зам” компанитай буюу Монгол Улстай хамтран ажиллах зорилго маань биеллээ олж, энэ цаг мөчөөс бодитойгоор хэрэгжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Монгол Солонгос улсын хөгжлийн төлөө бид хичээн ажиллах болно” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж:Монголын төмөр зам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ