• Уул уурхайн 196 компанийн хөлд нэрвэгдсэн Заамар сум өөдлөх замдаа оржээ

    2019-04-23

    Төв аймгийн Заамар сум  өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд  уул уурхайн олборлолтод өртөж, нутаг дэвсгэр нь хамгийн их сүйдсэн сум. Өнгөрсөн хугацаанд төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт гэж үгүй, үйл ажиллагаа явуулдаг  компаниуд нь авахаа аваад хаядаг байсан.  Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж шороон Заамар “Шинэ Заамар” сум болох эхлэлээ тавьжээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн  196 компани сумын засаг захиргаатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан  ажиллаж, “Хөгжлийн дэмжих сан”-д компани тус бүр 50-100 сая төгрөг хуримтлуулж, сумын хөгжил, байгаль орчны хамгаалалд зарцуулдаг болжээ.

    2009-2017 онд компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг хийж ирснээр орон нутагт 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлж,  сургалтын төлбөр, барилга байгууламж, засвар үйлчилгээ, хүүхдийн тоглоомын талбай зэрэгт зориулж ирсэн гэж сумын Засаг дарга Ж.Самбуу хэллээ.

    2018 оноос эхлэн нийгмийн хариуцлагын гэрээг өөрчилж, Заамар сумын “Хөгжлийн дэмжих сан”-г байгуулсан байна. Тухайн компанийн эзэмшиж буй нөөц, хүч, чадавхи зэргээс хамааран 50-100 сая төгрөгийн босго тогтоосон байна. Үүний үр дүнд 2018 онд нэг тэрбум төгрөг төвлөрөх ёстойгоос 500 сая төгрөгийг төвлөрүүлж, сум орон нутагт  сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

    Тус сумын 320 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 700 орчим хүүхэд суралцаж байгаа, цэцэрлэгийн хүртээмж  тааруу зэрэг тулгамдсан асуудлууд байгаа аж.   Заамар суманд өнөөдрийн байдлаар 52 мянган га газар хайгуулын болон ашиглалтын лицензээр олгогдсон. Үүний 6000 гаруй нь олборлолтод өртөж,  техникийн нөхөн сэргээлтийг 3-4 мянган га талбайд хийсэн байна. Дээрх жишээнээс харахад уул уурхайн олон компанийн хөлд нэрвэгдсэн  Заамар сум асуудлаа шийдэх эхлэлийг тавьжээ.

    Заамар сумын энэ сайн жишээг  УУХҮЯ, Нээлттэй нийгэм форум зэрэг бусад холбогдох байгууллагуудаас  хамтран хийж буй “Эрдэс баялгийн салбарын гэрээний ил тод байдал” цуврал арга хэмжээний үеэр сайшаан ярилцлаа. Уг хэлэлцүүлгийн өнөөдрийн сэдэв “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө”.

    Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг  Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж өгсөн. Олон улсын төвшинд улсын төсөвт ихэнх орлого нь төвлөрч,  орон нутагт үр өгөөж нь  байдаг байна. Харин манай улсын хувьд мөн л хангалтгүй байгаа талаар Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах албаны ажилтан Б.Дэлгэрмаа хэлж байв.  Монгол Улсын Ил тод байдлын гэрээний санд  73 гэрээ байдаг ажээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд хийсэн судалгааны тайлангаас харахад уул уурхайн 2000 лицензтэй компани байгаагаас 200 орчим нь идэвхтэй үйл  ажиллагаа явуулдгаас 20 хүрэхгүй хувь нь нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хангалтгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ