• МАН-аас Хэнтийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзээд хэр дэмжлэгтэй байгаагаа үзэхийг хүсч байгаа. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

    Хэнтийн нөхөн сонгууль анх 2018 онд зарлагдаж байх үед эрх баригч нам, тэр дундаа тус намын дарга У.Хүрэлсүхэд ашиггүй байдал харагдаж байлаа.  Тэгвэл энэ хооронд болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн улстөрийн рейтингийг өндөрт өргөж одоо бол тэрбээр рейтингээрээ бүх улстөрчдийг тэргүүлж байна. Тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч илүү рейтингтэй болоод буй. Тиймээс МАН-аас Хэнтийд У.Хүрэлсүх л ялах магадлалтай нь тодорхой болсон учраас тэрбээр нэр дэвших нь тодорхой болжээ. Түүнийг сонгуулиас зугатдаг, та өөрөө нэр дэвших үү гээд байсан намын нөхөд нь ч одоо ийн асууж зүрхлэхгүй л болов уу.

    У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд длэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнэ эргэсэн тухай яригдаж эхэллээ.

    Н.Энхбаярын ээж Хэнтийнх гэж байгаа ч тэрбээр энэ удаагийн сонгуульд бодитой өрсөлдөгч болж чадах нь юу л бол. АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдчихөөр нэр дэвшигч олно гэдэг хэцүү байх. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй болов уу. Тиймээс л энэ тойрогт У.Хүрэлсүх торойно хэмээх хүн олширч, нам нь ч нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ