• Хотын захирагч Сүхбаатарын талбайд газар эзэмшиж байсан эрхийг цуцаллаа

    Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн газар эзэмшлийн эрхийг газар дээр нь очиж цуцаллаа. Өнгөрсөн өвөл УИХ-ын нэр бүхий 5 гишүүн МАНАН-гийн эсрэг жагсаал, цуглаан хийх үеэсээ төв талбайн урд хэсгийн газрыг яагаад хувийн компанид олгосон тухай асууж байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногт Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын таван гишүүн хотын даргад энэ талаар шаардлага хүргүүлсэн билээ.

    Тиймээс өнөөдөр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн газрын албаныхан болон бусад холбогдох албан тушаалтнуудын хамт тус газарт очиж ийнхүү шийдвэр, захирамжаа танилцууллаа. Тэрбээр 2021 он хүртэл эзэмшүүлсэн талбайн урд хэсгийн 2.5 га газрын зөвшөөрлийг газар дээр нь цуцлах шийдвэр гаргав.

    Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан “Та бидний зогсож байгаа талбайн 2.5 га буюу Сүхбаатарын талбайн урд хэсэг өмнөх цэцэрлэгийн газрын хувьд 2006 оны захирамжаар олгогдсон байна. Ингэхдээ газар доороо байгууламжтай, дээрээ усан оргилууртай обьект барина хэмээн газар олгосон боловч өнөөдөр төсөл сонгон шалгаруулахтай холбоотой ямар ч зүйл хавтастай бичиг баримтанд нь байдаггүй. 2016 онд энэ талбайг шинжичлж автомашины зогсоол хийнэ гээд хийсэн. Автомашины зогсоол байгуулаад ашигийнх нь 30 хувийг Улаанбаатар хтын захиргаанд олгоно гэсэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний ашиг өгөөгүй. Ингэхдээ ашиг олохгүй бол мөнгө олгохгүй гэсэн заалттай гэрээ хийсэн байгаа юм. Тиймээс энэ талбайн газрын эрхийг өнөөдөр цуцалж байна. Мөн энэ газрын эрхийг 2017 онд 9.5 сая ам.долларын зээлийн барьцаанд тавигдсан байдаг. Хотоос энэ газарт төвийн дулаан, халуун хүйтэн устай нойл барья гэхэд газар байдаггүй. Газрыг нь хувьд өгөөд, машины зогсоол ажиллуулдаг, барьцаанд тавьчихсан ийм байдалтай байна. Тиймээс өнөөдөр газар дээр нь ирж танилцаад энэ шийдвэрийг гаргаж байна” гэв.

    Сэтгүүлчийн хууль бус асуудал нь юу байна вэ гэсэн асуултад хотын дарга “Энэ газрыг 2006 онд авсан. Авсан зориулалтын үйл ажиллагаагаа хоёр жилийн дотор эхлүүлэх ёстой ч нөгөө усан оргилууртай байгууламж огт баригдаагүй. Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Тухайн компанид газрыг цуцална хэмээн сонсгох ажиллагаа явуулсан ингээд хууль, журмын дагуу газрын эрхийг цуцалж байна. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбай болгоно. Энэ мэт олгосон олон газар Улаанбаатар хотод байгаа. Бид ААН-ийг хохироохгүй байх үүднээс хамтран ажиллах санал тавьсан боловч үл хүндэтгэсэн хандлага байна. Тиймээс газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгаж байгаа” гэлээ.

    Хотын даргын захирамж:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ