• Д.Тогтохсүрэн: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй

    2019-04-22

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

    Д.Тогтохсүрэн “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Гишүүд санал гаргалаа. Бүлгийн хурлаас тодорхой шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх, анхаарах асуудал дээр чиглэл гаргах юм” гэсэн ерөнхий мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    -Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өндөр дүгнэсэн байна лээ. Гишүүд ямар санал хэлсэн бол?

    -Өмнөх Засгийн газар өндөр хувийн биелэлттэй гаргадаг байсан. Энэ Засгийн газар 50.2 гэж бага хувьтай гаргасан. Хэрэгжиж эхлээгүй асуудал байвал 0-ээр дүгнэсэн байна лээ. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид хэлэлцэж байгаа. Гэтэл 0-ээр дүгнэсэн байсан. Цаашид хэрэгжүүлэх олон ажил байгаа.

    -Мөрийн хөтөлбөр 2020 оны байдлаар хэдэн хувьтай байна гэж төсөөлсөн бол?

    -Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ мөрийн  хөтөлбөрийн томоохон асуудлыг шийдье гэсэн. Гаднаас зээл авах, концесс авахгүй гэж Засгийн газар үзэж байгаа. Мөрийн хөтөлбөрийг бүгдийг хэрэгжүүлж чадахгүй. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын асуудал яригдсан. Хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлэх чиглэл рүү явж байгаа юм билээ.

    -ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох уу?

    -Би хэдэн хүн холбогдсоныг мэдэхгүй байна. Тойргийнхоо сонгогчдын хүсэлтийг уламжилсны төлөө ЖДҮ-чин болсон гишүүд байгаа юм билээ. Хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдийг шалгаж байгаа.

    -Капиталбанкны асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх үү?

    -Энэ асуудлыг бид хэлэлцэхгүй. Монголбанкны асуудал. Бид асуудлыг улстөржүүлэхгүй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ