• С.Амарсайхан:Хадам эхийнхээ нэр дээр байдаг ААН-д нийслэлийн өмчийг хувьчилж авах С.Мөнхчулууны хүсэлтийг би буцааж байсан

    2019-04-22

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр  мэдээллийн эхэнд  цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байгаагаа дуулгалаа.

    Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр   Хятадын компанид  нийслэлийн Засаг дарга  С.Амарсайхан 50 га газар олгосон  гэх мэдээлэл тараад байгаа.

    Уг мэдээлэлтэй холбогдуулан тэрээр,  “Хүлэмжийн аж ахуй байгуулах Засгийн газрын тэргүүний захирамж гарч судалгаа тооцоо нь 2012 онд гарсан юм билээ. Үүний дагуу Тяньжин хотын захиргаатай хамтран хүнсний ногоо тарих, хүлэмж барих ажлыг судлах шаардлагатай байна гэсэн бичиг ирүүлсэн.  Дараа нь миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хамтын ажиллагааг судлах Нийслэлийн өмчит менежментийн компанийн нэрийг явуулсан. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хятадуудад 50 га газар олгосон гэж гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл тараасан.

    С.Мөнхчулуун өөрийнхөө хадам эхийн нэр дээр байдаг  ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөхөөр нийслэлийн ИТХ-д оруулж ирсэн юм. Миний бие НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа энэ асуудлыг 2-3 удаа буцаасан байдаг. Цаана нь өөрийнх нь ажил амьдралтай холбоотой олон асуудал байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор ийн худал мэдээлэл тараасан гэж би үзэж байгаа. Өнгөрсөн бямба гаригт С.Мөнхчулууны эсрэг гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан.

    Ямар нэгэн газар олголт явагдаагүй, тийм шийдвэр гараагүй. Харин дотоодын хүлэмж эрхлэгчдийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа”  гэх тайлбарыг өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ