ТОЙМ:Зоригийн төрсөн өдөр ба зорилготой мэдэгдлүүд

2019-04-22

Т

Өнгөрсөн бямба гаригт   ардчиллын удирдагч, төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн 57 насны төрсөн өдөр тохиож,уламжлал ёсоор “ардчиллынхан” гэгдэх АН-ын төлөөлөл хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Энэ удаа С.Зориг агсны хөшөөнд УИХ-ын гишүүн,АН-ын дарга С.Эрдэнэ,УИХ-ын гишүүн М.Мурат нар очиж цэцэг өргөсөн бол тус намаас гараад байгаа УИХ-ын гишүүн Л.Болд,Ж.Батзандан нар мөн очиж цэцэг өргөлөө.

С.ЭРДЭНЭ: ЗАХИАЛАГЧИЙГ  ЗАРЛАХЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДААС ШААРДАНА

Цэцэг өргөх үеэрээ АН-ын дарга С.Эрдэнэ “С.Зоригийн  үхлээр хүн, улс төрийн хүчин улс төр хийж, улс төрийн ашиг хонжоо олж байгаад харамсаж байна.  АН-ын даргын хувьд энэ хэргийн захиалагчийг зарлахыг холбогдох байгууллагаас шаардана” гэсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга С.Эрдэнэ нар Зоригийн хэргээр яллагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг жинхэнэ алуурчид гэж үзэж байгаа бөгөөд захиалагч илрэхийн даваан дээр эрх баригчдыг будилаантуулж байна гэж үзэж байгаа юм.

Ж.БАТЗАНДАН УЙЛАВ

С.Зориг агсны мэндэлсэн өдөрт зориулан түүний хамтран зүтгэгчид МоАХ-ныхон, АН-ынхан, ИЗНН-ынхан болоод гэр бүлийнхэн нь жил бүр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөг. Энэ удаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын гишүүн асан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар болон ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй хүмүүс С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн уйлсан нь сошиалын нэгэн сэдэв болоод байна. Түүний нулимсыг олон хүн поп уйлалт хэмээн шүүмжилж байгаа юм.

УИХ-ЫН ТҮР ХОРОО ХЭРХЭН ХИЛСЭЭР ХЭЛМЭГДҮҮЛСНИЙГ СУДАЛНА

С.Зориг агсны төрсөн өдөр тохиосон мөнөөх долоо хоногийн ажлын өдрүүдэд УИХ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хороо байгуулах асуудал эрчээ авсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг судлан үзэх Түр хороог байгуулах асуудлыг Л.Болд нарын гишүүд тавьсан нь дэмжигдэж өнгөрсөн долоо хоногт эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байныгн хороонд илгээгээд байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг оруулахыг байнгын хорооны гишүүд дэмжээд байгаа.

Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хүмүүс ял авчихаад байхад хэрэгтэй танилцахад хууль зөрчих зүйл байхгүй. Нууцлаад байх зүйл байхгүй. Хүн тамлаад хуурамч хэрэг бүрдүүлснийг л нууцлах гээгүй бол нууцлаад байх зүйл байхгүй. Тодорхой хэргийн тухайд байгуулагдаж байгаа түр хороо хууль яаж зөрчсөн байна, яаж хэлсээр хэрэг хүлээлгэсэн болохыг судлах үүрэгтэй. Эрүүдэн шүүсэн нь үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг байдаг эсэхийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг Монголын түүхэнд дахиж ийм балмад хэрэг болохыг таслан зогсоох дүгнэлтийг УИХ-д танилцуулах ёстой” гэсэн билээ.

ИЗНН: БОЛД,БАТЗАНДАН НАРТАЙ САНАЛ НЭГДЭЖ БАЙНА

С.Зориг агсны хэргийг тойрсон улстөржилтөд өнгөрсөн долоо хоногоос ИЗНН өөрийн дуу хоолойгоо нэмэрлэж  эхлэв.Тус намыг  С.Зориг агсан амь насаа алдсаны дараа дүү С.Оюун нь  байгуулж байв. Тус намын дарга Ц.Ганхуяг “ Энэ хэрэгт холбоотой бүх материалыг ил болгохын төлөө ИЗНН-аас улс төрийн тэмцэл хийнэ” гэдгээ өнгөрсөн  баасан гаригт зарласан.Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан,Л.Болд нартай санал нэгдэж байна гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр ИЗНН С.Оюунтай,Оюунгүй эрх баригчдын талд байгаа нь илт.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР:БУЛГАН ГЭРЧ БИШ,ЯЛЛАГДАГЧ БИШ

С.Зориг агсны төрсөн өдөр буюу 4 дүгээр сарын 20-ны бямба гаригт Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх мөн мэдээлэл хийв.

Б.ЭнхсүхЭрүүдэн шүүсэн гэх хэрэгт цагдаагийн гурван мөрдөгч, тагнуулын хоёр гүйцэтгэх ажилтан холбогдож шалгагдаж байгаа учир АТГ шалгах болсон. Гэхдээ хоёр хоногийн өмнө АТГ-аас энэ хэргийг цагдаагийн байгууллагаруу шилжүүлсэн. Учир нь АТГ-т уг хэргийг шалгах боловсон хүчин дутмаг” гэсэн. Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар намайг эрүүдэн шүүж ийм мэдүүлэг өгүүлсэн гэсэн гомдол гаргасан нь үнэн хэмээв.

Ц.Амгаланбаатар С.Зориг агсны аллагыг захиалсан хүн бол Э.Бат-Үүл гэсэн мэдүүлэг өгсөн юм уу гэхэд хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир тодорхой мэдээлэл өгмөөргүй байна гэсэн юм.

Тэрбээр “Ажлын хэсгийнхэн төв аймгийн хорих ангид камер байрлуулж бичлэг хийж байсан. Харин тэд бичлэгийг тухайн бүрт нь устгаад явсан байдаг. Харин тэнд ажиллаж байсан манай тагнуулын ажилтан бичлэгийг устгаж болохгүй учир хуулийн хүрээнд сервэр дээр хадгалаад үлдсэн” гэв. Харин С.Зориг агсны гэргий Б.Булганы тухайд “Хэрэг гардаг өдрөөс хойш Б.Булганыг хохирогч, гэрч, яллагдагчаар шалгаж байсан. Хамгийн сүүлд энэ хэргийн захиалагчийг шалгаж байхад түүнийг хамсаатан байж болзошгүй гэж үзэж яллагдагчаар татсан. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, хэрэгсэхгүй болсон. Өнөөдрийн байдлаар Б.Булган шалгагдаагүй. Гэрч биш, яллагдагч биш гэсэн үг” гэлээ. Мөн захиалсан, зуучилсан, хамжсан гэх үйлдэлд холбогдуулан 3-4 хүнийг шалгаж байгаагийн дунд улстөрч бий гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ