Хүүхэд насандаа Монголд амьдарч байсан хошин шогийн жүжигчин Украины Ерөнхийлөгч болов

Украинд өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж, найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Владимир Зеленский ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өмнө нь Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэн ч ийм өндөр хувийн санал авч байгаагүй юм.

Улс төрийн туршлагын хувьд имаш бага тэрбээр өрсөлдөгч Ерөнхийлөгч Петро Порошенкогоос 3 дахин олон санал авч таван жилийн хугацаанд тус улсыг удирдах эрхтэй боллоо.

Петро Порошенкод иргэдийн 24,5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Зеленскийд нийт сонгогчдын 30 хувь нь саналаа өгсөн бол одоогийн төрийн тэргүүн Петро Прошенкод 17,8 хувийн санал өгснөөр тэд хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон.

Тэрбээр багийнхантайгаа ялалтаа тэмдэглэж байхдаа “Би та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувиар Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээжээ. Түүний гол амлалтууд нь улс эх орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох асуудал.

Сонгуулийн өмнө баасан гаригт /2019.04.19/ болсон нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг Зеленский эхлүүлж, үг хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би улстөрч биш. Зүгээр л одоогийн энэ төрийн системийг өөрчлөхийг хүссэн жирийн иргэн. Би 2014 онд Ерөнхийлөгч Порошенкогийн төлөө саналаа өгч байсан. Тэр сонголт алдаа байсныг одоо ухаарч байна. Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” хэмээн Петро Порошенкод хандан хэлсэн юм.

Зеленский нь “Ард түмний үйлчлэгч” нэртэй телевизийн хошин цувралд авлигатай тэмцсэнийхээ үр дүнд санамсаргүй Ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээдэг бөгөөд энэ цувралынхаа нэрээр нэрлэсэн намаас нэр дэвшсэн. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч түүнийг сонгосон иргэдийн ихэнх нь залуу үеийнхэн байгаа юм байна.

Сонирхуулахад эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр аав ээжийнхээ хамт бага насандаа дөрвөн жил Монгол Улсын Эрдэнэт хотод амьдарчээ. Эцэг нь Эрдэнэтийн УБҮ-т 20-иод жил ажилласан бөгөөд Зеленский Орос сургууль гэгддэг дунд сургуульд суралцаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ