Байгалийн түүхийн музейн хуучин газрыг яах эсэхээ шийдээгүй байж шинэ газрын эрэлд гарчээ

2019-04-21

БСШУ-ны сайд Д.Баатарбилэг  хотын төвд байршилтай    шаардлага хангахаа больсон музейнүүдийг Төрийн өмчийн хороонд шилжүүлж, дуудлага худалдаанд оруулан, олсон  санхүүжилтээр нь  шинэ музей байгуулах  боломжийг судалж байгаа тухайгаа мэдээлсэн.  Энэ нь олон нийтийн дунд Байгалийн түүхийн музейн газрыг зарах гэж байна, зарчихсан гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

 Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг сэргээн засварлах нь зүйтэй гэж олон нийт үзэж байгаа ч албаныхан боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Байгалийн түүхийн музейн  барилгын  газрыг  ямар зориулалтаар ашиглах нь тодорхой бус байгаа аж. БСШУСЯ-ны Соёлын өвийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Даваацэрэнгээс энэ тухай тодруулахад “Одоогоор шинэ музейг  яг энд барина гээд эцэслэж тогтсон шийдвэр гараагүй байна. Тиймээс одоо байгаа Байгалийн түүхийн музейн барилгыг  яах, газрыг хэрхэн ашиглахыг ярихад эрт байна. Худалдах, зарах ямар ч шийдвэр гараагүй”  гэсэн тайлбар өглөө.

Одоо байгаа Байгалийн түүхийн музейг хэрхэх эсэхээ шийдээгүй байж БСШУ-ны сайд, нийслэл хотын захирагч нар  музей барих шинэ газрын эрэлд гараад багагүй хугацаа өнгөрч байна.         

Монголын архитекторуудын эвлэлээс БСШУС-ын сайдын дээрх мэдээллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргасан. Хэрвээ сайдын хэлснээр хотын төвийн ашиглалтын шаардлага хангахгүй музейн барилгуудыг дуудлагаар худалдаалбал Байгалийн түүхийн музейгээс гадна Чойжин ламын сүм музей, Занабазарын музейн барилгууд ч орно гэж  Монголын архитекторуудын эвлэлээс үзэж, эсэргүүцсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ