• Арай ч дээ, ЖДҮ-чдийн толгойлогч Б.Батзориг байнгын хорооны дарга болно гэнэ үү

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ЖДҮ-чдийн толгойлогч Б.Батзоригийг томилох тухай яригадаад эхэллээ. Үүнийг сонссон жирийн иргэд байтугай МАН-ын үнэнч гишүүд, дэмжигчид нүүр нүдээ нуух аргаа олж ядан ичиж байна. Нээрээ ч энэ арай дэндмээр томилгоо болох нь.

    УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг нэг жилийн хугацаатай сонгож, нэг удаа улираан сонгох хуулийн зохицуулалттай. 2017 онд томилогдсон зарим байнгын хороодын дарга нарын үүрэгт хугацаа өнгөрсөн намар дуусгавар болсон ч МАН-ын улс төржилтөөс болж одоо хүртэл солигдоогүй хэд хэдэн байнгын хороодын дарга нар байгаа юм. Тиймээс одоо зарим байнгын хороодын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, заримыг нь улираан сонгохоор яригдаж байгаа.

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилохоор МАН дотор “тохиролцсон” сураг байгаа. Энэ бол боломжийн томилгоо.

    Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг томилох нь арай л дэндүү хариуцлагагүй, олон нийтийг доромжилсон томилгоо болох юм. Б.Батзоригийн хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаад ЖДҮ-гийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь УИХ-ын гишүүдэд хуваарилан, өөрийнхөө хамаарал бүхий компаниар авсан учраас сайдын албаа өгсөн. Тэр байтугай түүнийг УИХ-ын гишүүнээс түвгэлзүүлэх хүсэлтийг УЕП оруулж ирсэн ч олонхиороо хамгаалаад аваад үлдсэн. Гэтэл одоо дахин хариуцлагатай албан тушаалд дэвшүүлж болмооргүй. Хууль, дүрэм зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож, албан тушаалтай нь ярихаа байнга мэдэгдэж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх нар ийм томилгоог арай дэмжихгүй байх хэмээх итгэх хүн олон байна. Ирэх сонгуулиаар бүрэн эрх нь дуусахаар ЖДҮ-чдийг шалгах нь зүйд нийцнэ. Ийм байтал Б.Батзоригийг байнгын хорооны дарга болгоно гэдэг мэдээж буруу хэрэг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ