• Г.Өнөрбаяр: Одонтой эхчүүдийн мөнгийг бууруулахгүй харин ч нэмнэ

    2019-04-17

    Одонтой ээжүүдэд олгож буй мөнгө  төсөвт дарамт болдог талаархи мэдээлэл өчигдөр цахим орчинд  тарсан.  Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр ийм мэдээлэл гарч байгаад гайхаж буйгаа илэрхийлэхийн хамт  одонтой ээжүүдийн мөнгийг бууруулах биш харин ч хүүхдийн тоотой нь уялдуулан өсгөх асуудал яригдаж байгаа гэдгийг онцоллоо.

    Оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар” I одонтой 66768, II одонтой 147339 эх байгаа юм байна. Одоо зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатай байвал ямар вэ гэсэн санал гаргаж байгаа аж. Жишээлбэл, зургаан хүүхэдтэй ээж 200 мянган төгрөг авах бол, долоон хүүхэдтэй ээжид 230 мянган төгрөг олгоно  гэх мэт.

    Олон хүүхэдтэй ээжүүдэд мөнгө олгох нь хүн амаа өсгөх бодлогын хэсэг бөгөөд төрөлтийг дэмжих нэг боломж юм. Одоогоор манай улсын хүн амын өсөлт 2.1  хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байгаа. Сүүлийн 10 жилийн өсөлтийг харахад хүн амынх 16 орчим хувьтай байхад, ахмад настны өсөлт 21.9 хувьтай байгаа нь зайлшгүй хүн амын өсөлтдөө анхаарах шаардлагатайг сануулжээ. Түүнчлэн ойрын 10 жил төрөлтийн хамгийн идэвхтэй хугацаа байх гэнэ. Тийм учраас төрөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажиллаж байгаа аж.

    Үүний нэг нь одонтой ээжүүдийн мөнгийг шатлалтайгаар нэмэх гэнэ. Энэ талаар Г.Өнөрбаяр “Шатлалтай гэдгийг бас буруу ойлгов. Одоо байгаа 218 мянган эх хэвээрээ байна. Тэдэнд олгож байгаа мөнгө нь ч буурахгүй. Харин хүүхдийнх нь тоогоор үечлэн нэмбэл яах вэ гэж ярьж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын түвшинд танилцуулаагүй байна. 1990 оноос өмнө яг ийм шатлалтай мөнгө олгодог байсан. Өөрөөр хэлбэл гурван хүүхэдтэй ээж дөрөв, тав дахь хүүхдээ төрүүлбэл төрүүлсэн хүүхэд бүрт нь мөнгө олгодог байсан. Бид тэр тогтолцоог хамгийн зөв тогтолцоо гэж үзээд нэмэх саналтай байгаа” гэлээ.

    Арван жилийн өмнө буюу 2008 оны байдлаар 70 орчим мянган эх төрсөн бол 2018 онд 78 мянган эх төржээ. Ингэхээр ойрын 10 жилд хүн амын төрөлт нэг шугамд үргэлжилсэн байна. Дэлхийн бусад улсад хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлдөг. Энэ тогтолцоог нэвтрүүлэх болон  цаашид олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцанд оруулахаар судалж байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ