• Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг өнгөрсөн долоон жилд хэрэгжүүлсэн бол төсөвт 60 тэрбум төгрөг орох байжээ

    УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн  нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. ТАН /Төлсөн авснаа нийтэл/ эвслээс уг хуулийн төслийг батлахгүй байхыг УИХ-ын гишүүдээс шаардлаа.

    Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч долоон жил хэрэгжээгүй.Гэтэл одоо хэлэлцэж буй  нэмэлт өөрчлөлтөөр  ус бохирдуулсны төлбөрийг 50—60 хувь болгож бууруулахаар тусгаад байгаа аж.  Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар жилд есөн тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөрөөс  хуримтлуулах ёстой.Гэтэл одоогийн шинэ хуулиар  50-60  хувь бууруулснаар жилд дөрөв орчим тэрбум төгрөгийг л  төвлөрүүлэх юм байна.

    Жилийн өмнө байгаль орчны төрийн бус байгууллагууд  хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлж байсан.  Гэсэн ч тодорхой ахиц гараагүй учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд   Засгийн газар, БОАЖЯ-ыг өгсөн байна.   Шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард  Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх ёстой гэх шийдвэрийг гаргажээ.  Засгийн газар дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах, шатны шүүхэд гомдол гаргажээ. Шүүх хурал маргааш болох юм байна. Гэтэл  шүүхийн маргаантай байхад  УИХ хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байгааг эсэргүүцлээ.

    Олон улсын жишгээс харахад ус бохирдуулсны төлбөрийг өндөр тавьдаг. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бохирдол бага  гаргах сонирхолтой, бохирдуулсан усаа дахин ашиглах технологийг нэвтрүүлэх зэрэг дэвшилттэй болдог ажээ.  “Баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй хэдэн жил хав дарчихаад дахиад төлбөрийг  бууруулж батлах гэж байгаагийн  цаана нь асар том ашиг сонирхол  байна” хэмээн тус эвслийн зохицуулагч Б.Баярмаа хэллээ.

    Уг хуулийг өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол 60  орчим тэрбум төгрөг улсын төсөвт орж, эргээд бохирдуулсан усаа цэвэрлэх, нөөцийг хамгаалахад ашиглах боломжтой байсан. Энэ асуудлыг Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам үгүй хийсэн хэмээлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ