• Хууль зүйн байнгын хороо прокурорын орлогчдыг томилохыг дэмжлээ

    admin

    admin

    2019-04-17

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр  хуралдаж,  “Түр хороо байгуулах тухай”, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  болон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон. Хуралдааны эхэнд  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга аваагүй учраас хуулийн төслүүдийг дэмжлээ.

    С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой асуудлыг шалгах зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Түр хороо байгуулахтай холбогдуулан ажиллах хугацаа, тайлан дүгнэлт, чиглэл гаргах уу эсвэл ОУП-ын холбооны гаргасан дүгнэлтийн хүрээнд ажиллах уу. Тогтоолд энэ бүх зүйл гарч ирэх үү. Сүүлд нь түр хороонд эрх хэтрүүлсэн, хугацаа хэтэрсэн, дүгнэлт гаргасан, гаргаагүй гэдэг асуудал үүсэх вий” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Л.Болд “Түр хороо ОУПХ-оос ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы хуралдаанд танилцуулах чиг үүрэг хүлээнэ” гэсэн байгаа. Санал хураахад түр хороо байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар дэмжлээ.

    Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хүрээнд прокурорын байгууллагын шүүхээс нотолсон материалыг ирүүлж байхад нь прокурорт буцаадаг байсныг болиулж байсан. Мөн энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарч, хохирогч, прокурор давж заалдах шатанд гомдол гаргасан бол ялыг хөнгөрүүлж болохгүй, шүүгдэгч давж заалдахаар бол ялыг хөнгөрүүлэхээр тусгасан. Гэвч Улсын дээд шүүх, прокурор хоёр өөр өөр байр суурьтай байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг зарим гишүүд гаргасан бол зарим гишүүд хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас хойшлуулж болохгүй гэдгийг хэлж байсан юм.

    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиуд хоорондоо зөрчилдөж байгаа нь практик дээр гарч байна. Улсын дээд шүүх хууль тайлбарладаг байснаа яагаад больсон юм бэ. Үүнээс болж  хэн дуртай нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Бид зөвхөн шүүгдэгч нарын асуудлыг яриад байдаг гэвч хохирогчийн асуудлыг бас яах ёстой вэ. Шүүхээс хэрэг буцдаггүй л байх юм бол энэ асуудал маш хүнд. Хуучин хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг нягталж байсан нь зөв байсан. Тиймээс нэг мөсөн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол цаашид ийм асуудал олон гарч ирнэ” гэсэн юм. Үүнд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “2013 онд Шүүхийн багц хууль батлагдах үед Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлана гэсэн заалтыг өөрчилж, 2015 онд Үндсэн хуульд заасан хууль дээдлэх эрхийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн эрхийг хуульчлах шаардлагатай гэж байдаг ч зохицуулах хууль байхгүй учраас Улсын дээд шүүх албан ёсоор тайлбарлах боломжгүй болоод байгаа. Тиймээс хууль тайлбарлах эрхийг буцааж  сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

    УИХ-ын гишүүн, хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар “УИХ-ын шийдвэр бусад шийдвэрийг зөрчсөн бол ажлын 15 хоногийн дотор зохих өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ гэсэн заалт бий. Тиймээс энэ асуудлыг хойшлуулахад хугацааны хувьд боломжтой учраас горимын санал хурааж болно” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналаар горимын санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаа хойшлууллаа.

    Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ