• “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг 24 мянган иргэнийг хуурамч хувьцаа гаргаж залилжээ

    Орхон аймгийн иргэн Д.Алтанхуяг нь 10 жилийн өмнө 24500 иргэнээс 600 сая төгрөг босгож хуурамч хувьцаа гаргаж хууль бус компани  байгуулан ард түмнийг залилсан гэж  “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын тэргүүн  Д.Батбаяр, гүйцэтгэх захирал  Н.Түвшинбаяр, Д.Мөнхтуяа нар өнөөдөр хэвлэлийн хурал дээр мэдээллээ.

    Д.Алтанхуяг  нь  “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 онд Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй исэлдсэн хүдрийн 8 а, 12 дугаар овоолгуудыг түшиглэн 5.0 тонн цэвэр кадотын зэс үйлдвэрлэж 200 гаруй хүмүүсийг тогтмол өндөр цалинтай  ажлын байртай болгох, 24500 иргэдэд жил бүр хувьцааны ногдол ашиг хүртээх улсын төсөвт хувь нэмэр оруулах зорилгоор үүсгэн байгуулжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдэд нэг ч удаа ногдол ашиг тараагаагүй. Гурван жилийн хугацаанд үйлдвэр барина гээд одоо болтол бариагүй. Ажиллагсад цалин хөлсгүй ажилсаар ирсэн.

    Түүнчлэн сонгууль бүрд нэр дэвшиж ард түмнээс цуглуулсан 600 сая төгрөгийг үрэн таран хийж  хувьцаа эзэмшигчдийг хуурсан гэлээ. Хувьцаа эзэмшигчид  хууль хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргаж шалгуулжээ. Гэтэл тус компани Улсын бүртгэлийн газар болон, Санхүүгийн зохицуулах хороо зэрэгт бүртгэлгүй байсныг тогтоосон.

    Мөн “Тухайн үед гаргасан хоёр төрлийн хувьцаа нь ҮЦТХТ-д бүртгэгдээгүй хуурамч болох нь илэрсэн. Анхнаасаа зохион байгуулсан эдийн засгийн залилангийн  онц хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Ийм төрлийн хэрэгт 5-10 жилийн ял ногдуулах хуулийн заалттай. Харин нийслэлийн поркурор Мөнхцэцэг нь хохирсон иргэдийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хаах шийдвэр гаргаж байгаа нь энэ хүн МАНАН бүлэглэлийн гар хөл болж байгааг илтгэж байна” хэмээн судлаач Б.Чимэддамба онцолсон.

    Илгээлтийн эздийн анхдагч болсон Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан 1000 гаруй ахмадуудын төлөөлөл, хувьцаа эзэмшигчид хэвлэлийн хуралд оролцож үгээ хэлж байлаа. Тэдний нэг болох Б.Мөнхтуяа “ Зэс эрдэнэийн хувь компанийн бүх бичиг баримт хуурамч болох нь нотлогдсон.Тухайн үед нэгж хувьцааг бид 1000-5000 төгрөг хүртэлх үнэлгээгээр 10-100 ширхэг хувьцааг ах дүү, хамаатан садан, өлгийтэй нялх хүүхдүүддээ хүртэл авсан. Гэтэл өнөөдөр төр засаг томчуудын  луйвардаж  авсан мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс барагдуулж чадаж байна. Тэгвэл луйварчин, залиллангийн хэрэгтэн ард түмнийг дээрэмдсэн  Д.Алтанхуягийг яагаад хамгаалаад байна вэ. Энэ асуудалд төр анхааралаа хандуулахыг хүсч байна. Бид өнөөдрөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байна”  гэж байлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ