Хятад улс олон тонн зааны соёо зэрэг ховордсон зүйлс наймаалагчдыг баривчилжээ

Устах гэж буй амьтан ургамал, тэдгээрээр хийсэн эдлэлийн наймаанд цохилт өгөх олон улсын хууль сахиулах хамтын ажиллагаанд Хятад улс улам чухал үүрэг гүйцэтгэх болсон гэнэ. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, он гарснаас хойш Хууль бусаар хил давуулах гэмт хэрэгтэй тэмцэх Гаалийн ерөнхий газрын алба устах гэж буй амьтан ургамал, тэдгээрээр хийсэн эдлэл наймаалсан 182 хэргийг илрүүлсний дотор зааны соёон эдлэлтэй холбогдсон 53 хэрэг багтсан байна. Жуулчид гадаадаас зааны соёон эдлэл авах буюу илгээмжээр явуулах гэмт хэрэгт чиглүүлэн Гаалийн ерөнхий газар шалган шийдвэрлэх эрч хүчээ нэмж, хууль сахиулахыг чангатгаж байгаа аж. Хятадын засгийн газар зэрлэг амьтан ургамал хамгаалахыг дээд хэмжээгээр чухалчилж, олон улсын конвенцоос хатуу арга хэмжээ авч, зэрлэг амьтныг хууль бусаар агнах, тээвэрлэх, холбогдох үйл ажиллагаа явуулах гэмт хэрэгт хатуу цохилт өгч байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, бүх Хятадын хууль бусаар хил давуулах гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Ху Вэй “Он гарснаас хойш, Хууль бусаар хил давуулах гэмт хэрэгтэй тэмцэх алба устах гэж буй амьтан ургамал, тэдгээрээр хийсэн эдлэлийг наймаалах 182 хэргийг илрүүлсний дотор зааны соёон эдлэлтэй холбоотой 53 хэрэг, гэмт хэргийн 27 бүлэглэлийг илрүүлж, 171 хүнийг баривчлан, устах гэж буй төрөл бүрийн 500 тонн амьтан ургамлыг шалган илрүүлж, 8.48 тонн зааны соёо ба зааны соёон эдлэл хураасан. 3-р сарын 30-нд зааны соёог хулгайгаар наймаалсан онц том гэмт хэрэг илрүүлж, 7.48 тонн зааны соёог хураан, урт хугацаагаар зааны соёог хулгайгаар наймаалсан олон улсын гэмт бүлэглэлийг илрүүлсэн нь сүүлийн жилүүдэд хамгийн олон зааны соёо илрүүлсэн тохиолдол боллоо” гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятад улс Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын нэгдсэн “Хамгаалалт” ажиллагаанд идэвхтэй оролцон, зааны соёо зэрэг устах гэж буй амьтан ургамал, тэдгээрээр хийсэн эдлэлийн наймаанд хатуу цохилт өгч байна.

Хууль бусаар хил давуулах гэмт хэрэгтэй тэмцэх Гаалийн ерөнхий газрын албаны дарга Сунь Зижэ танилцуулахдаа: “Манай алба олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх хууль сахиулах нэгдсэн ажиллагаанд идэвхтэй оролцож, энэ оны 2-3-р сард, Дэлхийн гаалийн байгууллага, олон улсын эрүүгийн хэргийн байгууллагын санаачилсан устах шахсан ховор амьтныг хууль бусаар хил давуулан наймаалахтай тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бидний мэдүүлсэн хэргийн тоо тус үйл ажиллагаанд хамрагдсан нийт хэргийн дөрөвний нэгийг эзэлсэн” гэсэн ажээ.

2018 оны 1-р сарын 1-нээс эхлэн, Хятад улс худалдааны шинжтэй зааны соёо боловсруулж, борлуулах үйл ажиллагааг бүх талаар хориглосон юм. Жуулчид зааны соёог гадаадаас авчрах, шуудангаар илгээхийг хориглох асуудалтай холбогдуулж Гаалийн ерөнхий газрын Хилийн хяналт шалгалтын албаны дарга Ван Вэй хэлэхдээ: Шийтгэл, торгуулийн эрч хүчийг нэмэгдүүлж, хууль сахих ухамсрыг дээшлүүлнэ гэжээ. Тэрээр: “Жуулчид зааны соёог гадаадаас авчрах буюу шуудангаар илгээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол, шүүхийн байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин эрүүгийн хэрэгт тооцогдохгүй бол зааны соёо, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хураан авч, торгууль ногдуулна. Мөн, бид холбогдох мэдээллийг үндэсний мэдээлэл холбооны индрээр мэдээлж, иж бүрэн менежментийг сайжруулан, хууль бус хэрэг гарахаас сэргийлнэ” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ