• Б.Цэнгэл: Тяньжин хотод тээвэр ложистикийн төв байгуулах нь Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд олгож буй асар том боломж юм

    “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл Тяньжины радио телевизийн агентлагийн “Тяньжины мэдээ суваг”-т Монгол, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлж буй Тяньжин дахь Тээвэр логистикийн төв байгуулах төслийн талаар ярилцлага өглөө. Энэ жил Монгол, Хятад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Тяньжин хотын Ардын засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Тяньжин болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэх, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Тяньжин хотын радио телевизийн энэ оны хөтөлбөрт “Бүс ба зам” сэдвээр хийж буй сурвалжлагын хүрээнд энэхүү ярилцлагыг хийв.

    Сурв: Та Тяньжин хотод очиж байсан уу?

    -Би БНХАУ-ын Тяньжин хотод 4-5 удаа очиж байлаа. Сүүлийн үед бол дандаа ажлын шугамаар, тэр дундаа Тяньжин хотын Дунзянь чөлөөт боомт бүсэд хамтарсан компани байгуулах ажлаар очсон.

    Сурв: Тяньжин  хотод танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн сайхан зүйл юу байв?

    -Үнэнийг хэлэхэд надад Тяньжин хоттой тухтай танилцах боломж төдийлөн олдоогүй. Хэдийгээр 4, 5 удаа явсан боловч дандаа ажлын шугамаар 1-2 хоногийн хугацаатай явж байсан. Тяньжин бол хөгжиж байгаа, Хятадын томоохон хот юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Хүн амын нягтшил нэмэгдэж, нэлээн тэлж байгаа, 20-иод саяд хүрж байна гэсэн мэдээлэл авч байсан. Эдийн засгаараа нэлээн хүчирхэг хотын тоонд ордог юм байна. Тяньжин нь хотын статусаараа Засгийн газартаа харьяалагддаг онцгой бүс гэсэн ойлголттой байдаг. Тяньжин хот нь цаг уурын хувьд ч Монголтой төстэй.

    Сурв: УБ-Тяньжин хот нь найрсаг харилцаатай. Энэ жил Монгол-Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Тэгэхээр үүний хүрээнд энэ жил танайх урьдчилсан шатанд ямар ямар ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна?

    -Тяньжин-УБ хот бол эгч дүү хот. Хоёр улсын хамтын ажиллагааны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус хоттой хамтын үйл ажиллагаагаа нэлээн өндөр түвшинд хүргэж байна гэж  дүгнэдэг. Миний хувьд ЗТХЯ-наас хийгдэж байгаа ажлыг онцолж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн Зам, тээврийн яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулсан. Мөн өнгөрсөн оны 02 дугаар сард ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Тээврийн сайдболон Тяньжин хотын Ардын засгийн газрын дарга нар 2009 онд байгуулагдсан энэхүү санамж бичгийн МУ-ын “Талын зам”,“Хөгжлийн зам” БНХАУ-ын “Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулж шинэчлэх нь зүйтэй хэмээн тохиролцож уг санамж бичгийг 2018 оны 05 дугаар сард шинэчлэн байгуулсан.

    Уг санамж бичгийн гол агуулга нь Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр заасан. Энэхүү тохиролцоог хэрэгжүүлэх гол агуулгыг тохиролцож, үүн дээр бид хамтарсан аж ахуйн нэгжийг байгуулж, энэ бүс нутагт хэрэгжиж байгаа бүх л төрлийн хөнгөлөлттэй нөхцөлийг эдэлж, бизнесийн үйл ажиллагааг явуулж, Монголын онцлогтой аж ахуйн нэгжүүдэд нэлээд тустай, дэмтэй үйл ажиллагааг явуулахаар зорьж байна. Тэгэхээр миний саяын хэлсэн бүх агуулга энэ санамж бичигт тусгагдсан байгаа юм. Мөн бид БНХАУ ба Монгол Улс хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт явуулах энэ хэлэлцээр 3 улсын хоорондох дээд шатандаа батлагдаад, энэ 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Мөн Тяньжин-УБ хооронд шууд нислэг хийх боломжийг судалж, хэрэгжүүлэх, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тусгаж өргөн хүрээтэй санамж бичиг байгуулсан.

    Уг санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор 2 талд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг Монголын талд ЗТХ-ийн дэд сайд, БНХАУ-ын талд Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга ахлан ажиллаж байна. Ажлын хэсгүүд энэ хугацаанд нийт 8 удаа хуралдсан. Хамгийн сүүлийн ажлын хэсгийн хурлыг УБ хотноо зохион байгуулсан.

    Мөн өнгөрсөн оны намар Тяньжин хотын намын хорооны дарга, Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ли хун жун дарга МУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд Тяньжин хоттой хамтран ажиллах хилийн хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээрт тодорхой зүйлүүдийг тусгасан.Тэгэхээр энэ бүх баримт бичгүүдийг үндэслээд Тяньжин хотын Дунзянь чөлөөт бүсэд хамтарсан компани байгуулах үйл ажиллагааг нэлээн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид өнгөрсөн оны 06 дугаар сарын сүүлээр Монгол Хятадын хамтран ажиллах “Монголиан порт групп” компанийг амжилттай байгуулсан.

    Энэхүү “Монголиан порт групп” компани нь “МТЗ” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр УБ хотноо байгуулагдсан. Тяньжин порт 51:49 хувийн харьцаатай хамтарсан компанийг хууль дүрмийн дагуу байгуулахаар ажиллаж байна.

    Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү хамтарсан компани аж ахуйн нэгж байгуулах холбогдох эрхийг “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-д олгохоор үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүний дараагаар бид энэ сардаа багтаагаад Тяньжинд Тяньжин порт групптэйгээ хамтарсан аж ахуйн нэгжээ байгуулаад явах юм.  Үүний дараагаар 10 газар дээрээ бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил 7 дугаар сард эхэлнэ. Жил хагасын хугацаанд Логистикийн төвийн барилга байгууламж бүрнээр ашиглалтад орж үйл ажиллагаа эхлүүлэх баярт мөч тохионо гэж үзэж байгаа.

    Тээвэр логистикийн төслүүд маань нэлээн амжилттай явж байгаа, Монгол Хятадын хамтын ажиллагааны 70 жилийн ойд тохиолдуулж байгаа бэлэг гэж бид үзэж байна.

    Сурв: Тэгэхээр төсөл хэрэгжиж эхэлснээр МУ-ын хувьд ямар ач холбогдолтой болох вэ, төмөр зам, тээвэр логистикийн салбарт ямар ахиц дэвшлүүд гарах вэ?

    -Энэ төсөл хэрэгжсэнээр олон ач холбогдолтой. Та бүхний мэдэж байгаачлан МУ нь далайд гарцгүй. Дэлхий дээр далайд гарцгүй нийт 31 орон байдаг. Олон Улсын конвенцоор бол далайд гарцгүй улс ч гэсэн далайгаас ашиг шим хүртэх эрхтэй байдаг. Тэр агуулгаараа ч гэсэн тэр, нөгөөтэйгүүр МУ-ыг далайд гаргах чиглэлээр БНХАУ туслалцаа дэмжлэг үзүүлжбайгаагийн тод илрэл бол яах аргагүй Тяньжин боомтод 10 га газрыг манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа явдал юм. Ер нь дэлхий дэх тээвэрлэлт дотор хамгийн хямд өртөгтэй нь далайн тээвэр байдаг. Хэрэв бид далайд гарч чадах юм бол энэхүү тээврийн зардлыг үлэмж хэмжээнд бууруулах нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, Ази Европыг холбосон ЕвроАзийн энэ тээвэр логистикийн маш том маршрут нээгдэх болно. Өмнө дурдсанчлан Азийн автозамын сүлжээгээр автотээвэр, дамжин өнгөрөх тээвэр хийх 3 улсын хэлэлцээр бол тухайн 3 улсынхаа парламентаар ороод батлагдсан байгаа. Энэ 4 сард хамтарсан комиссын хурал Бээжин хотноо болох гэж байна.

    Маршрутын хувьд ОХУ-ын Улаан-Үүд-Алтанбулаг-УБ-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин гэсэн маршрутыг 3 талдаа тохирсон юм. Тэгэхээр бидний Тяньжин хотод байгуулагдаж байгаа тээвэр логистикийн төв  байгуулах хамтарсан компанийн төслөөр дамжаад автовээврийн дамжин өнгөрөх тээвэр бол, тухайлбал Тяньжинээс Монголыг дайраад ОХУ болон Европ руу аялах юм. Энэ бол 1 чиглэл нь. Нөгөө тал нь бол чингэлгийн тээвэр гэж байгаа. Өмнөх он жилүүдийн судалгаагаар 2018 онд Зөвхөн Эрээн-Замын-Үүдээр 35000 орчим чингэлэг тээвэр дамжин өнгөрсөн байна. 2017 онд энэ үзүүлэлт 24000 байсан нь даруй 20-30 хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Тэгэхээр энэ дамжин өнгөрч байгаа чингэлэг тээврийн бизнесийг бид Тяньжинд зохион байгуулах бололцоотой байгаа юм. Бид энэ хамтарсан аж ахуйн нэгжээрээ чингэлгийн галт тэрэг аяпуулахаар төлөвлөж байгаа. Бид өөрийн тээвэр логистикийн төв дээрээ ачаагаа хуримтлуулаад, хуримтлуулсан ачаагаа чингэлгийн галт тэргэнд дайгаад 1 застав болгоод явах жишээтэй. Сардаа дор хаяж 4-5 удаа ачаа бий болгоод байвал үүнийг тогтмол явуулах бололцоотой юм. Чингэлгийн галт тэрэг маань Европоос буцаж ирэхдээ Европын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлрүү, Монголын зах зээлрүү цаашлаад 3 дахь захь зээлрүү гаргах зорилготой байх юм. Энэ нь гадаад худалдаа талдаа нэлээд үр дүнтэй байна.

    3 дахь ач холбогдол нь Тээврийн хугацааг нэлээн богиносгож өгч байгаа. Жишээлбэл АНУ-аас Тяньжин дээр бууж байгаа ачаа бол буцаад Монгол болон Европруу хамгийн багадаа 7 хоноод ачигддаг. Гаалийн бүрдүүлэлт хийгдэх гэх мэтчилэнхугацаа их орно. Мөн тээврийн зардлыг өндөр болгохоор төлөвлөн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр чухал ач холбогдол нь нэн ялангуяа Монголын аж ахуйн нэгжүүдэд нэлээд ашигтай байдлаар бид үүнийг зохион байгуулна. Энэ нь Монгол Хятадын онцлогтой тээвэр логистикийн төв учраас Монголд бизнес хийж байгаа Монголын аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр манай улсын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, нөгөө талдаа монголын аж ахуйн нэгжүүдийг дэмжих юм. Өөрөөр хэлбэл Монголоос ямар бүтээгдэхүүн байх вэ гэж асууж байна л даа. Тухайлбал Монголоос хөдөө аж ахуй болон малын гаралтай түүхий эд, ноос ноолуур байх жишээтэй. Мөн нурмаг ачаа буюу уул уурхайн чиглэлийн. Тэгэхээр үүнийг тээвэр логистикийн төвөөр дамжуулж хийх, мөн монголын аж ахуйн нэгжүүд худалдааны нэн тааламжтай эдгээр нөхцөлүүдийг ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийнхээ байран дээр хийж Хятадад үйлчилж байгаа хөнгөлөлтүүдийг авч, Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах зорилготой юм. Гэх мэтчилэн маш олон талаас нь тайлбарлах боломжтой.

    Сурв: Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хийгдэх ажлуудаа дурдаач?

    -Бид Тяньжин хотод байгуулагдах энэ хамтарсан компанийн бизнес төлөвлөгөөг ерөнхийд нь ярилцаад тодорхой түвшинд боловсруулаад байна. Эхний ээлжинд Тяньжин хотод хамтарсан аж ахуйн нэгжээ энэ 4 дүгээр сард багтаан байгуулах болно. Хоёрдугаарт, энэ 10 газар дээр БНХАУ-ын хууль тогтоомжийн улмаас нийтэд зарладаг хуулийн тогтоомж байдаг юм байна. Үүний дагуу энэ бүтээн байгуулалтад оролцсон компаниудын хяналт шалгалт явуулах зохицуулалт байгаа юм байна. Барилгын ажил жил хагасын хугацаанд үргэлжилнэ гэж байгаа боловч компани байгуулагдмагц бид худалдааны үйл ажиллагааг эхлүүлнэ гэж тохирсон. Өөрөөр хэлбэл бид энэ цаг хугацааг хүлээхгүйгээр компани өөрөө үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж үзэх нь зүйтэй. Зэргэлдээ байгаа талбайнуудыг ашиглан гэрээ хийгээд, агуулахуудыг түрээслэн үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байна. Хөрөнгө оруулалтын хувьд энэхүү төсөлд ойролцоогоор 40 орчим сая доллар шаардлагатай. Ач холбогдлын хувьд маш өргөн боломж бүхий, Монгол Улсыг далайд гаргах  боломжийг олгож буй өгөөмөр үр өгөөж бүхий төсөл юм. Тийм учраас бид үйл ажиллагаагаа маш хурдан шуурхай эхлүүлэхээр төлөвлөөд байна. Бизнесийн үйл ажиллагаагаа нэлээд олон чиглэлд өргөжүүлнэ. Үйл ажиллагаагаа ойрын хугацаанд эхлүүлж, Монгол-ОХУ-Европ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

    Ярианыхаа төгсгөлд “МТЗ” ТӨХК-ийн талаар товч ярих нь зүйтэй байх. “МТЗ” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани. Тээвэр логистикийн чиглэлийн үйл ажиллагаа мөн явуулж байна. “Замын-Үүдийн шилжүүлэн ачих 2-р анги”, мөн Замын-Үүдэд ашиглалтад орж байгаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулсан “Бүс нутгийн логистикийн төв” МТЗ ТӨХК-ийн мэдэлд ирж байгаа. Мөн бид Шинэ төмөр зам төслийг 1,2,3 үе шатанд хэрэгжүүлж байгаа төслийн хэрэгжүүлэгч компани юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг явуулж байна. Төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж “Тавантолгойн төмөр зам” охин компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

    Мөн энэ 4 дүгээр сард Засгийн газрын шийдвэр гараад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх ажлыг манайд даалгасан.

    Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 5600 км төмөр замын суурь бүтэц барьж байгуулах төслийн хүрээнд манай компани нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэх байна. Манай компанийн үйл ажиллагаа нэлээдгүй өргөжин тэлж буйг онцлоход таатай байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ