“Жаст”-ын Ш.Батхүүгээс бусад нь хариуцлага хүлээхгүй үлдэх үү?

Монголын ганц “Саалийн үнээ” Эрдэнэтийн 49 ба 51 хувиудын асуудал шуугиан дэгдээсээр л байна.

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрээс 40 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөхөд хүргэсэн “ЖАСТ”-ын Ш.Батхүүгээр өрийг нь төлүүлнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс эхлээд олон хүн мэдэгдэж буй. Засаг төрийн эрхийг барьж байгаа төлөөллийн хувьд сайд Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэмээр. Гэвч бас цаана нь түүнд “Эрдэнэт”-ийг барьцаанд тавих боломж олгосон нөхдүүд зүгээр хоцрох уу гэдэг асуудал гарч ирж байна.

Барьцаанд тавихдаа ашигласан баталгаанд гарын үсэг нь үлдсэн гурван хүн үнэхээр гарын үсгээ зурсан учраас Арбитрын шүүхэд ялагдаж, Их Британийн Хатан хааны дээд шүүхэд ялагдсан гэлцэж буй. Тэгэхээр 51 хувийг барьцаанд тавихад мутрын үсгээ үлдээсэн хэмээгдэх “Эрдэнэт”-ийн тухайн үеийн захирал Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарт буруугийн шийтгэл оногдох ёстой. Энэ нь шударга байх.

Түүнээс одоо эдгээр хүмүүс би буруугүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан гээд зүгээр үлдвэл Монгол улсад шударга ёс тогтох болоогүйг харуулна. Мөн улсынхаа ганц саалийн үнээг бүгд л тойглодог байсан тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар ч зүгээр үлдэх ёсгүй.

Ч.Ганзоригийг тус хэргээр шалгаж байгаа. Тэгвэл “сугардаггүй” хэмээгдсэн Д.Сугараас гэрчийн мэдүүлэг л авдаг. ТӨХ-ны дарга хийж байхдаа хөрөнгөжиж, Япон, Солонгост хаустай болсон гэгддэг Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүн байхад яаж ч чаддаггүй байсан. Түүнээс хойш ч яаж ч чадахгүй л байна. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Д.Сугарыг шалгах ёстой хэмээн байнга м эдэгдсээр ирсэн. Гэвч Д.Сугар сөрсөн базаа хийн түүнийг гүтгэсэн хэмээн шүүхдсээр ирсэн юм. УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү ч гэсэн уг хэрэгт шалгагдах ёстой боловч одоогоор шалгаж буй эсэх нь тодорхойгүй.

С.Баярын хувьд “ЖАСТ”-ын Ш.Батхүүг уг зээлийг авсаныг мэдээгүй байна гэж байхгүй хэмээх хүмүүс олон байна. Учир нь С.Баярыг Ерөнхий сайд байх үед Ш.Батхүүгийн бизнес цэцэглэж байсан юм. Мөн байнга “Эрдэнэт” үйлдвэрт симпаттай явж ирсэн Ц.Элбэгдорж ч энэ асуудлыг мэдэж байсан ч өөрийн нөхдийн хамт 49 хувийг авахдаа хөзөр болгохоор асуудлын талаар дуугарч бйайгаагүй гэх хардлага ч байна.

Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээс аваад өнгөрөлгүй энэ нэр дурдагдсан хүмүүсийг бүгдийг нь шалгаж хариуцлага тооцох ёстойг эрх баригчид болон хууль хяналтынханд дахин дахин анхааруулах ёстой байх.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ