• Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй албан тушаалтнуудыг яллагдагчаар татжээ

    2019-04-16

    ЭЦА-ны Эдийн засгийн гэмт  хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ЦЕГ-ын газрын Тусгай ажиллагааны алба хаагчидтай хамтран Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд баривчлан тайлбар мэдүүлэг авсан. Дээрх хүмүүст холбогдох хэргийг АТГ-тай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Шалгалтаар зарим хүнийг яллагдагчаар татан, хилээр гарах эрхийг нь хязгаарлажээ. Тодруулбал,  “Монголын зэс корпорац” компанийн Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт Сангийн сайд асан Б.Болор, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг  эзэмшиж буй “Кью Эс Си”  компанийн захирал Э.Шижир нарыг яллагдагчаар татжээ.  “Кью Эс Си”  компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 230  сая тоннын орд газартай нь эзэмшдэг. Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй  холбоотойгоор ийн шалгаж байгаа аж. Уг чиглэлийн замыг   “Кью Эс Си”  компани өөрийн хамаарал бүхий “Монголын рейлвей корпорэйшн” компаниар бариулах 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ  байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларыг авч барьжээ. Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байна. Уг хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Майдайн орчимд байсан төмөр замын зам төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэх тавиулсан” гэжээ. Энэ хэрэгт Сангийн сайд асан Б.Болороос гадна, Зам тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Д.Ганбатыг ч мөн адил яллагдагчаар тооцохоор болоод байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ