• “Капитал” банкны 250 ажилтныг халах шийдвэрийг танилцуулжээ

    Монголбанкнаас өнөөдөр дампуурлыг нь зарлаад байгаа “Капитал” банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

    “Капитал” банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авч барагдуулахаар болжээ. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй аж. Нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй бөгөөд нэхэмжлэл хүлээн авах хаяг нь “Капитал” банкны Чингэлтэй дүүрэг дэх төв байрны хаяг байгаа гэнэ.

    “Капитал” банкинд  ажиллаж байсан 250 ажилтныг халах шийдвэрийг мөн өнөөдөр танилцуулжээ.

    Монголбанкныхнаас сэтгүүлчид “Капитал” банкнаас олгосон зээлийн 80 хувь найдваргүй зээлд орсон тухай мэдээлж байгаа. Хэдэн хувь хүрсэн тохиолдолд банкин дээр арга хэмжээ авдаг вэ. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө гээд төрийн 340 тэрбум төгрөг тус банкинд байршиж байсан. Гэтэл дампуурлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуулт тавьсан юм.

    Үүнд холбогдох албан тушаалтан хариулахдаа “2015 оноос дээр дурдсан төрийн мөнгө байршиж ирсэн байдаг. Монголбанк шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэвч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хяналт тавин ажиллаж байхдаа зээл олголтыг нь хязгаарлаж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ тэдэн хувьд хүрсэн тохиолдолд арга хэмжээ авна гэсэн тодорхой хуулийн заалт байхгүй” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ