• Ж.Должинсүрэн: Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөгийн тогтолцоогоор цааш явах боломжгүй

    2019-04-15

    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын /ТХЗ/ хэрэгжилтээр Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг өнөөдөр хэлэлцлээ.  Засгийн газар Үндэсний сайн  дурын илтгэлийн төслийг бэлтгэх Ерөнхий сайдын 2018 оны 165  дугаар захирамж гаргаж, Үндэсний хөгжлийн газрын ахалсан ажлын хэсгийг байгуулжээ.

    Үндэсний хөгжлийн газар НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газар болон Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээр “Үндэсний сайн дурын илтгэл”-ийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг  зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Тогтвортой хөгжлийн зорилтын Монгол улс дахь хэрэгжилтийг хариуцсан төв болон орон нутгийн төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтaнууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, олон улсын түншүүд оролцож байна. Энэ үеэр Үндэсний хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэнтэй ярилцлаа.

    -Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээр “Үндэсний сайн дурын илтгэл”-ийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болж байна.  Илтгэлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

    -Улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэх зорилгоор сайн дурын үндсэн дээр Үндэсний сайн дурын илтгэлийг бэлдэж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн улс төрийн өндөр төвшний чуулга уулзалтаар танилцуулдаг. Манай улс ирэх долдугаар сард таницлуулах 42 орны жагсаалтад орсон. Click To TweetҮндэсний сайн дурын илтгэл нь Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явцыг хянах, чиглүүлэх, хэрэгжүүлэх, тушрлага хуваалцах, түншлэлийг дэмжих зорилготой юм. Үндэсний сайн дурын илтгэлээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг нарийвчлан үнэлэх зорилгыг агуулаагүй. Харин уг зорилтыг хэрэгжүүлэх бодлогын орчин, институцийн тогтолцоо зэрэгт цогц дүгнэлт хийхийг зорьсон.

    Бид тайландаа хоёр үндсэн зүйлийг анхаарсан.

    • Нэгдүгээрт, Тогтвортой хөгжлийн зорилтыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудал  нь юу байна вэ, бодлогын шинж чанартай зангилаа нь хаана байна вэ, цаашид юун дээр анхаарах вэ гэх мэтчилэн агуулгын тал дээр анхаарсан.
    • Хоёрдугаарт, илтгэлийг боловсруулах үйл явц нь олон талыг оролцуулсан байх, бүх талын дуу хоолойг тусгасан байх ёстой гэдэгт мөн анхаарсан.

    -Тогтвортой хөгжлийн зорилтын эхний үе шатын биелэлтийг 2020  онд дүгнэнэ. Манай улсад хэрэгжилт ямар төвшинд байна вэ?

    Тогтвортой хөгжлийн зорилт нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны цогц зорилт. Нэг үгээр хэлбэл хүний амьдралд тулгардаг бүх л асуудлыг цогцоор нь тусгасан зорилт юм.

    Ямар төвшинд явж байгааг  хянахад одоогоор бид бэлэн биш байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтууд бодлогын ямар төвшинд хүрэх ёстой вэ, ямар шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг нь хянах вэ гэдгийг тодорхойлох ажлуудаа  одоо хийж байна. Өөрөөр хэлбэл, 2025, 2030 онд ямар төвшинд хүрсэн байх  вэ гэдгээ тодорхойлчихоод хэрэгжилт нь ямар төвшинд байгааг хянах ажлаа хийх ёстой.  Тиймээс 2019 оны хагас болон 2020 оноос эхлээд хэрэгжилтийн төвшингөө хянах үйл явц уруу орно.

    – Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо нэгдмэл байж чадаж байна уу?

    -Тогтвортой хөгжлийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтөөр дамжиж хэрэгжинэ. Илтгэлийг боловсруулах явцат бодлого хөтөлбөрүүд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж чадаж байна уу, одоо хэрэгжиж байгаа хөгжлийн бодлогуудтай хэрхэн  уялдаж байна вэ гэдгийг зайлшгүй үнэлж үзэх шаардлага тулгарсан. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн өнөөгийн тогтолцоо ямар байна вэ, бодлогын нэгдмэл байдал, залгамж чанар, уялдаа холбоо ямар байна вэ гэдэг рүү анхаарч ажиллахыг зорьсон. Мөн нэгдсэн зохицуулалтаар явж чадаж байна уу, эрэмбэ  дараагаар зөв гаргаж чадаж байна уу гэдгээ тодорхойлсны дараа санхүүгийн механизмаа зөв чиглүүлж чадаж байгаа эсэх гэхмэтчилэн анхаарах олон асуудал тулгарч  байна.

    Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилгын “хэнийг ч хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” гэсэн үндсэн зарчим байдаг. Орхигдож болзошгүй бүлэг рүүгээ бодлогоо чиглүүлж чадаж байна  уу гэх мэт зангилаа гол асуудлаа гаргаж ирэхийг зорьсон.

    Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль Тогтвортой хөгжлийн зорилт-2030 бодлогын баримт бичиг батлагдахаас өмнө гарсан хууль. Дээрх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд энэ хууль  хангалтгүй, уялдаа холбоогүй зэрэг зүйл олон байгаа учраас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад байна. 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүрэг нь тогтворгүй явж ирсэн байна. Өнөөдөр ч гэсэн Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар гэсэн хоёр байгууллагын  хооронд хоёрдмол байдалтай байна. Тиймээс цаашид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, Хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан байгууллагыг чадавхижуулах шаардлагатай. Click To Tweet

    -Тогтвортой хөгжлийн зорилгын удирдлагын асуудал нь манай улсад хэр оновчтой байна вэ?

    -Эдийн засаг, нийгэм, байгаль орчны цогц асуудал учраас нэг газар байх боломжгүй. Институци тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Өнөөгийн тогтолцоогоор цаашид явах боломжгүй бүх асуудлыг зангидсан төрийн захиргааны төв байгууллагыг  байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.

     

    С.Дуулим

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ