• Хотын шинэ даргыг “боорлох”-ын учир

    Самбаа Г

    2019-04-15

    Монголчууд бидний улс төржилт хаврын тэнгэрийн ааштай зэрэгцэн хуйсагнаж байна. Энд тэнд огцор, буулга, тараа, шаардаж байна гэх үгнүүдийг маань мэгзэм шиг унших хүмүүстэй өдөр гудамж талбайд тааралдаж, орой цэнхэр дэлгэцээрээ харах нь хэвийн үзэгдэл боллоо.

    Үнэхээр зарим хүмүүсийн яриад байгаачлан улс орон сүйрчихсэн юм уу гэвэл мэдээж үгүй. Сүүлдээ жагсаал цуглаан бүр өдрийн хөлс, цалинтай ажил болоод хувирчихсан тухай яриа дуулдах юм. Дайран дээр давс гэгчээр сошиал орчинд идэвхтэй хүмүүсийг элдвээр уриалсан, худал ташаа, гүтгэлэг мэдээллийг зориуд, зохион байгуулалттай түгээж, олны сэтгэлийг бухимдуулах нь хэвийн үзэгдэл болжээ.

    Манайхан л болсон хойно ийм мэдээлэлд итгэж, хуйгаараа хошуурах нь олонтоо.

    Нийслэл хотыг 20 гаруй жил тасралтгүй удирдсан Хотын фракци нэртэй МАНАН бүлэглэл, 60 тэрбумын хэрэгтнүүдийн бодлого үйл ажиллагааг сөрж, нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Амарсайханыг харлуулах гэсэн зорилго чиглэл, зохион байгуулалттай үйл ажиллагааг Баянзүрх дүүргийг хувийн компани мэтээр бодчихсон явдаг, АН-аас нэгэнт хөөгдчихсөн атлаа дүүргийн АН-ын дарга хэмээн өөрийгөө танилцуулж яваа Д.Пүрэвдаваа болон МАНАН бүлэглэлийн гар хөл бологсдоос эхлүүлжээ.

    Тэд ингэхдээ аль хэдийнэ гурван жилийн өмнө Туул голын эрэг дээр барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн Зүүнбаян Рефайнери компанийг түүний ахтай холбож явуулахыг зорьсон боловч С.Амарсайхан тус компанитай хамааралгүй гэдгээ мэдэгдэж, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Өнөөдөр Зүүнбаян Рефайнери компанийн удирдлагууд хэвлэлийн хурал хийж, түүнтэй шүүхдэлцэхээ зарлаад явж байна. С.Амарсайханы зүгээс Зүүнбаян Рефайнери компанийг үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан нь түүнийг энэ компанитай холбоогүй гэдгийг хангалттай нотлох биз.

    Тэгээд ч гурван жилийн өмнө эхлүүлсэн тус компанийн бүтээн байгуулалтын ажлыг хэсэг болсон бургас тайрсан хэргийг өчигдөрхөн тайрч сүйтгэсэн мэтээр олон нийтэд ойлгуулах нь С.Амарсайханы эсрэг ажиллагсдын үнэн төрхийг илтгэх биз.

    МАНАН бүлэглэл гэдэг бол МАН, АН-ын лидерүүдээс бүрдсэн эрх мэдэл, ашиг сонирхолоороо нэгдсэн, бас сүлжилдсэн бүлэглэл гэдгийг Монголчууд бид мэддэг болсон. Энэхүү бүлэглэлийн систем бүрэн задарчихаагүй байгаа гэдгийг та бүхэнд сануулах нь илүүц биз.

    МАНАН-ынхан эрх мэдэл, эд хөрөнгийн эх үүсвэр болсон Улаанбаатар хотыг бүрэн алдахгүйн тулд, идэж уусан зүйлээ илчлүүлэхгүйн тулд, олон жилийн турш иргэд, олон нийтээс хааж нууж ирсэн, идсэн уусан зүйлээ ил гаргуулахгүйн тулд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гэдэг хүнийг өөрсдийн гар хөл болсон улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд нэр нүүрээ нуусан троллуудаар дамжуулан аль байж болох хэмжээгээр харлуулахыг зорьж байгаа нь олны нүдэнд илхэн байна.

    Учир нь С.Амарсайхан анхнаасаа төрд шургалсан авлигачидтай, албан тушаал наймаалцагсадтай, улсын ажлыг хувийн компани шиг ойлгож дураараа дургигсадтай, нийслэлийн өмч хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж хувийн өчүүхэн ашиг сонирхолыг илүүд үзэгч албан тушаалтнуудтай эхнээсээ эвлэрэхгүй гэдгээ зарласан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулсан. Тиймээс тэд нэгдэж, ямар ч үнээр хамаагүй Хотын дарга С.Амарсайханыг харлуулах, цаашлаад болдогсон бол огцоруулахыг хүсэж байгаа. Эндээс харахад улс оронд төдийгүй нийслэл хотод олон жил улиран тогтсон МАНАН амархан сарнихгүй гэдэг нь тодорхой байна.

    Гэхдээ МАНАН-ынханы С.Амарсайхан руу дайруулж байгаа энэ ил далд явууллага, элдэв гүтгэлэгийн цаад шалтгааныг нийслэлийн иргэд оршин суугчдын ихэнх нь ойлгож байгаа нь сайшаалтай.

    С.Амарсайхан гэдэг хүнд ажлыг эрчимжүүлэхийн төлөө, нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө иргэдтэйгээ гар нийлэн зүтгэнэ гэдгээ уламжилсан. Харин МАНАН бүлэглэлийнхэн, тэдний гар хөл бологсодын үйлдлүүдийг харах бүрд тэд нийслэл хотыг хөгжүүлэхгүй энэ хэвээр нь байлгаж байх сонирхол байна уу гэж бодоход хүргэж байна.

    С.Дүгэр

    Холбоотой мэдээ