• Д.Мөнхтуяа: “Холливүүд Монголд” наадамд кино сонирхогч хэн ч оролцох боломжтой

    Хануй филм” Төрийн бус байгууллагын санаачлагаар “Холливүүд Монголд” олон улсын кино наадам анх удаа нийслэл Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг кино наадмын Спонсорын хорооны ахлагч Д.Мөнхтуяатай ярилцлаа.

    Олон улсын кино уран бүтээлчдийг нэг дор цуглуулсан кино наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаа анх яаж төрөв?

    -Анх арваннэгдүгээр сард Баярцэцэг найзтайгаа мөрөөдлөө ярьж байх явцад төслийн санаа маань бий болсон. Бэла/А.Баярцэцэг,  Miss World Mongolia 2015/ маань анх Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номыг уншиж байхдаа Монголын кино урлагаар суралцаж байгаа суралцагчдад,цаашлаад урлагт хайртай бүх хүмүүст уншуулах юмсан гэж мөрөөдөдгөө хуваалцаж байв. Ийнхүү 2018 оны 11 дүгээр сард энэ номыг орчуулах эрхийг нь хүссэн албан ёсны хүсэлтийг Ивана Чаббакийн цахим хаягаар дамжуулан тавьснаар төслийн эхлэл тавигдсан гэж үзэж болно. Ивана Чаббак бол Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, маш чадварлаг, мундаг уран бүтээлч.

    Тийм мундаг хүн бидний хүсэлтийг маш уриалгахан хүлээж авч, тэр байтугай “Хэрвээ миний ном орчуулагдаад хэвлэгдээд гарах юм бол, номныхоо нээлтээр дамжуулан Монголд очихыг, монголчуудтай уулзахад бэлэн байна” гэсэн.

    Энэ үг нь бидэнд их урам өгч, бүр илүүг хийх ёстой юм байна гэсэн үүднээс анх наадмаа зохион байгуулахаар шийдсэн.  Миний хувьд спонсорын хороог ахалж ажиллаж байна.

    -Наадам хэдэн өдрийн турш, ямар цар хүрээг хамарч зохион байгуулагдах вэ?

    -Наадам маань нийт долоо хоногийн турш зохион байгуулагдах бөгөөд эхний дөрвөн хоногийн арга хэмжээг Улаанбаатар хотод, сүүлийн гурван хоногийн арга хэмжээг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний өдрийн “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтээр  кино форум зохион байгуулагдаж, Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” ном албан ёсны нээлтээ хийн, уншигчдын хүртээл болно. Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмаар дэлхийн кино урлагийн салбарт “А” зэрэглэлд тооцогдох 16 бүтээлч хүрэлцэн ирэх юм. Click To Tweet  Наадмын хоёр, гурав дахь өдрүүдэд Холливүүдээс ирсэн  уран бүтээлчид маань кино зохиол, продюсинг, найруулга, кино зураглал, жүжиглэлт, өнгө хувиргалт зэрэг өөрсдийн мэргэжлийн хүрээнд “Өргөө” кино театрын “IMAX”-т  “Мастер класс”  сургалтууд хийнэ. Наадмын дөрөв дэх өдөр киноны зураач, нүүр хувирагчдын багийн хамтарсан үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр MN Tower-т гаргана.

    Төслийн санаачлагч,жүжигчин А.Баярцэцэг/Miss World Mongolia 2015/

    – Дэлхийн кино урлагийн салбарт “А” зэрэглэлд тооцогдох  16 уран бүтээлч хүрэлцэн ирнэ гэж байна. Хэрхэн оролцуулахыг зөвшөөрүүлж чадсан бэ?  Монголчуудын сайн мэдэх хэн хэн ирэх вэ?

    -Монголчуудын хувьд Бэлаг/А.Баярцэцэг/ маань Дэлхийн мисс-2016 тэмцээний шилдэг 11-т багтаснаар нь сайн мэддэг. Харин Холливүүдийн хувьд бол Монголын мисс гэхийн сацуу маш чадварлаг уран бүтээлч гэж үнэлэгддэг. Холливүүд гэх энэ талбарт хөл тавьчихсан, тодорхой хэмжээний харилцаа холбоо бий болгочихсон учраас тэрхүү харилцаа холбоогоороо дамжуулж арга хэмжээнд оролцох 16 хүмүүсээ урьсан. Бидний урилгыг маш таатайгаар хүлээн авч, “Монголд очиж үзмээр байна” гэсэн хандлагатай байсан учраас энэ фестивалийг хийгээд үзье гээд найзынхаа хамт зоригтойгоор эхэлсэн.

    Манай монголчуудын хамгийн сайн мэдэх гэх юм бол бидний үеийнхэн багадаа үзэж ирсэн “Apocalypto” буюу “Хар ирвэс” киноны гол дүрийн жүжигчин Ирвэсний савар буюу Руди Янгбладын, одоо залуучуудын шимтэн үздэг Game of Thrones цувралын найруулагч David Petrarca нар хүрэлцэн ирнэ.

    Мөн тэднээс гадна Холливүүдэд маш том тэсрэлтийг хийж чадсан Crazy Rich Asians киноны продюсер Tim Coddington, “X men” киноны өнгө хувиргагч Йохим Зелл буюу JZ, Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кеес Ван Оострум, Холливүүдийн жүжигчдийн хувийн дасгалжуулагч Ивана Чаббак нар хүрэлцэн ирж,өөрсдийн туршлагаасаа хуваалцана.

    -Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ, нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна вэ?

    – “Хануй филм” ТББ-ын хүрээнд 50 гаруй шижигнэсэн, урлагийн төлөө гэсэн залуучууд бидэнтэй нэгдэж, бэлтгэл ажил маань 70 хувьтай амжилттай урагшилж байна. Эрч хүч амтагдсан, урлагт хайртай залуучууд Монголынхоо соёл урлагийн салбарт хийсэн, бүтээсэн зүйлтэй байя гэсэн итгэл үнэмшилтэйгээр энэхүү наадмыг зохион байгуулна.

    -Спонсорын хувьд ямар байгууллагууд ивээн тэтгэж оролцож байна вэ?

    – Ерөнхий ивээн тэтгэгчээр “Өргөө” кино театр биднийг дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна цаасан дээр мөрөөдөл төдий байсан зүйлийг маань бодит биеллээ олоход нь дэмжин,хамтран ажиллаж байгаа бусад бүх байгууллага, хувь хүмүүстээ маш их баярлалаа.

    -Наадмын зорилго, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ,цаашид тогтмол зохион байгуулах уу?

    -Цаашид бид хоёр жил тутамд тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй.  Наадам маань Монголын кино уран бүтээлчдийнхээ харилцаа холбоог тэлэх, Монголын кино урлагийн нөөц бололцоог Холливүүдэд танилцуулах гол зорилготой. Click To TweetЯагаад Холливүүдийн зураг авалтын Монголын тал хээр нутагт авч болохгүй гэж. Хэрвээ бид үнэхээр чанартай зохион байгуулаад, Монголоо тэдэнд таниулж, сурталчилж чадвал Холливүүдийн зураг авалт Монголд хийгдэх гарц нээгдэнэ. Цаашлаад Холливүүдийн уран бүтээлээр дамжин Монголыг зорин ирэх жуулчдын тоо хүртэл нэмэгдэх зэрэг маш олон үр дагаврыг дагуулах, ач холбогдолтой арга хэмжээ юм.

    -Кино наадамд кино урлагийг сонирхдог л бол ямар ч хүн оролцож болох уу?

    -Наадамд оролцохыг хүссэн хүн болгон оролцох нь нээлттэй. Мэдээж Монголын кино урлагийн салбарын төлөөллүүд оролцоно.Монголын уран бүтээлчид маань тэдэнтэй харилцаа,холбоо тогтоож, эргүүлээд  тэдэнд Монголыгоо таниулаасай..

    Мөн мэргэжлийн бус, ямар нэгэн байдлаар энэ төрлийн оюуны бүтээл уран бүтээлчид болон кинонд дурлагсад, сонирхогчид оролцох боломжтой. Манай 50,000, 70,000 мянган төгрөгийн билэтнээс сонголтоо хийж, наадмын нээлтийн арга хэмжээнд оролцон, дэлхийн кино урлагийн “А” зэрэглэлийн уран бүтээлчдийн 15 минутын илтгэлийг сонсоод, тэднээс суралцах боломж бүрэн нээлттэй.

    Тасалбарыг ticket.mn-ээс..

    Жишээлбэл, “Дүр бүтээх увидас” номын зохиолч Иваннагийн хоёр удаагийн лекцийг л гэхэд Лос Анжелес хотноо очоод хоёр удаа суухад 10000 ам.долларын ханштай байдаг. Харин манай нээлтийн арга хэмжээнд тасалбар худалдан авч оролцвол ердөө 50,000 мянган төгрөгөөр 15 минутын лекцийг нь сонсох боломжтой.

    -Таны хувьд киноны хорхойтон уу. Яагаад энэхүү төслийг хамтарч хэрэгжүүлэхээр болов?

    -Миний хувьд өөрөө кино уран бүтээлд маш их хайртай, шимтэн үздэг үзэгч учраас нэн тэргүүнд Бэлагаа дэмжихийг хүссэн.  Ингэж дэмжиж, төслийн нэг хэсэг болоод ажиллаж байгаагийнхаа хариуд би маш их сэтгэл ханамжийг авч байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ