• Ц.Нямдорж:Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад хэрэг гарч,Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон

    Avatar

    Самбаа Г

    2019-04-12

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

    Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдорж чуулган дээр ширүүхэн үг хэлсэн. Түүний үгийг хүргэе.

    Ц.Нямдорж:

    Нэгдүгээрт, Түр хороо байгуулж хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлтийг гаргана. Нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн нь илэрхий байгаа. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

    Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна. Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

    1998 оны 10 дугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон.

    Холбоотой мэдээ