• О.Батбаяр:Популистууд ард түмэнд таалагдах юм хийхийг оролдох тусам ардчиллын суурь ганхаж байдаг

    2019-04-12

    Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа

    – Авлигын нөхцөл байдал өнөөдөр манайд ямар байна вэ?

    -Манай төрийн бус байгууллага, сэхээтнүүд уулзаж авлигын нөхцөл байдал хүндэрсэн талаар хэлэлцэж байна л даа. Өнөөдөр манайд авлига газар авсан нь ажилгүйдэл, иргэдийн амьжиргааны түвшин зэргээс харж болохоор байна. Монгол Улс өнөөдөр авлигын хямралд орчихсон. Авлигын хямрал гэдэг маань авлигаас үүдэлтэйгээр эдийн засаг, улс төрийн хямралд орж улс орон үймээд байгааг хэлж байгаа юм. Өнөөдрийн манай нийгэм яг л ийм болоод байна.

    -Таны ярьж багаа авлигын хямралаас гарах арга зам юу байна. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бол?

    -Бид улстөрчид, улс төрийн намуудад найдаад олон жилийг үзэж байна. Улстөрчид, улс төрийн намууд аварна гэж бид итгэж ирсэн. Харамсалтай нь, эд маань өөрсдөө авлигын хямралд орчихсон учраас татаж гаргахаасаа өнгөрөөд байна л даа. Энэ тохиолдолд иргэний нийгэм, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл манлайллыг авдаг олон улсын жишиг бий. Иргэний, нийгэм иргэд, хэвлэл мэдээлэл хамтарч ажиллаж дуу хоолойгоо хүргэж авлигын хямралаас гарна.

    Бид Ардчиллын институци гэж ярьдаг. Ардчиллын институци хэн юм гэхлээр нэг нь хэвлэл мэдээлэл. Нөгөө нь иргэний нийгэм, улс төрийн намууд, сонгуулийн ерөнхий хороо, аудитын газар, шүүх засаглал, төрийн байгууллагууд гээд энэ бүхэн ардчиллын институци. Энэ бүхнээс шүүх, аудитын байгууллага, засгийн газар, улстөрчид бүгд хараат болчихсон. Тиймээс авлигаас гаргах гол ачаа нь иргэний нийгэм, иргэд, хэвлэл мэдээлэл дээр ирж байна. Авлигын хямралаас улстөрчид, улс төрийн намууд биш иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд өөрсдөө гаргана.

    -Авлига хаана, аль салбарт гаарч байна вэ?

    Өнөөдөр өндөр түвшний авлига гол асуудал болж байна. Авлигын хямралд оруулсан гол буруутнууд нь улс төр, бизнесийн бүлэглэлүүд байна шүү дээ. Авлига өндөр байгаа орны жишээг харахад улс төр бизнесийнхэн оройд гараад суучихсан байдаг байхгүй юу. Монгол ийм болчихоод байна. Үүнийг авлигын индекстэй холбох ёстой. Транспэрэнси Интернэшнл байгууллага авлигын индексийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд танилцуулсан. Энэ үеэр манайхыг “Монгол Улс авлигын индексээр 37 оноо авлаа. Танай бүсийн дундаж оноо 44 байдаг” гэж зарласан. Ер нь 40 -өөс доош оноо авсан улс оронд эрсдэл байна гэдгийг Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан.

    -Ямар эрсдэл?

    -Энэ улсуудад популизм газар авсан байна гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл, улстөрчид нь популист гэсэн үг. Байх ёстой засаглал ардчиллын институци нь сул байгаа юм. Шүүх, АТГ, Сонгуулийн ерөнхий хороо гэх байгууллагуудын үйл ажиллагаа нь сул байна л даа. Оронд нь хэдэн популист нөхөд төрийн толгойд гарчхаад л цээжээ дэлдээд хашхираад байдаг. Ийм улсууд дарангуйллын ардчилал руу шилжих магадлал өндөр гэж Транспэрэнси Интернэшнл байгууллагаас анхааруулсан. Ганц манайд ч биш 40-өөс доош оноо авсан улсуудад хандаж хэлж байгаа юм л даа. Өнөөдөр дээр гарсан хэд маань биднийг ардчиллын дарангуйлал руу чирээд байна. Шүүх засаглал, прокурор, АТГ гээд бүх байгууллагуудад халдаж байна шүү дээ.

    -Ардчиллын дарангуйллаас сэргийлэхийн тулд хийх ёстой эхний алхам нь юу вэ?

    -Монгол Улсын авлигын индексийн оноо 40-өөс дээш гарахгүй олон жил болж байна. Нөгөө ардчиллын институциэ бэхжүүлэхгүй байгаа болохоор л тэр шүү дээ. Шүүх засаглалаа хараат бус болгож, АТГ-аа улам ,бэхжүүлж, төр нь өөрөө хүсэл эрмэлзэлтэй байж, бизнесийн орчноо бэхжүүлж энэ бүх салбарт авлигыг арилгахгүй бол ахихгүй уруудаад л байна. Ардчиллын индексээ бэхжүүлэхгүйгээр авлигын индекс өсөхгүй. Ирэх жил бол авлигын индекс унах нь тодорхой болчихлоо. Хамгийн чухал институцийг нь нулимаад хаячихлаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, дагалдах хууль болох Прокурорын хууль, Авлигын эсрэг хуулиндаа өөрчлөлт  оруулсан нь өөрөө Монгол ( Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон. Энэ заалтын 11 болон 13-т нь “Конвенцид элссэн улсууд ) шүүх засаглал ба авлигатай тэмцэх байгууллагуудынхаа хараат бус байдлыг бэхжүүлнэ” гэж үүрэг хүлээсэн. Одоо манай улсад НҮБ хүний эрхийн байгууллагын хараат бус шүүхийн шинжээчид ирж ажиллана. Шаардлагатай бол НҮБ-ын ерөнхий ассамблейд танилцуулах гэж байна.

    -Популимз гээд л яриад байдаг. Мөн чанарыг нь иргэд тэр бүр мэддэггүй. Мэдэхгүй учраас их хурал ийм төрлийн хүмүүсээр дүүрчхээд байна шүү дээ?

    -Популизм гэдэг өөрөө том үзэгдэл. Өнөөдөр олон орны улстөрчид популист болоод байна. Өөрийгөө ардчилагч гээд зарлаад байдаг. Гаргаж байгаа үйлдэл нь ардчиллын эсрэг байна. Ард түмэнд таалагдсан зүйл хийхийг оролддог. Тэр жинхэнэ ардчиллын суурь зүйлийг үнэгүйдүүлдэг. Авлигын индексээр 40-өөс доош оноо авсан улс орны удирдагч нар бүгд авлигын гэмт хэрэгт холбогдсон, холбогдож байсан хүмүүс байдаг.

    Популист улстөрчид бүгд л авлигачид байдаг. 

    Манай удирдагчид ч гэсэн бүгд л АТГ-т дуудагдаж шалгуулж байсан хүмүүс байна шүү дээ. Худпаа ярьж, иргэдийн тархийг угааж байгаад л гараад ирдэг. Популист улстөрчид бүгд л авлигачид байдаг. АТГ, Шүүх гэх зэрэг ардчиллын институцийг сулруулаад популизм гээд байж байх нь тэдний оршин тогтнох цор ганц арга нь.

    -Иргэд популистуудыг энгийнээр яаж таних вэ. Сонголтоо яаж хийх вэ?

    -Одоо хууль эрх зүйн орчингоо л сайжруулах хэрэгтэй байна. Үүний тулд сонгуулиа зөв өгөх ёстой. Худлаа амлаж, хийрхсэн, хашхирсан хүнээс татгалзаж шударга ёсны төлөө зүтгэж буй хүнд сонгож эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Уул нь хэдхэн хуулийг өөрчлөөд л болох асуудал. Улстөрчдөд хүсэл эрмэлзэл алга. Улстөрчдийн хүсэл эрмэлзэл байгаад богино хугацаанд үр дүн гаргасан улс ч байна. Гүрж, Латви, Эстони гэх зэрэг улсууд богино хугацаанд үүнийг амжуулсан. Манайд ч боломж бий.

    Эх сурвалж:О.Дашням (Өдрийн  сонин)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ