•  ШУТС-гийн захирал С.Намсрайжав, “Само” институтийн захирал Г.Оюун нар санамж бичигт гарын үсэг зурлаа

    admin

    2019-04-12

    Шинжлэх ухаан технологийн сан (ШУТС)-гийн  хамт олон монгол инновацийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ мэдлэг, технологийн дэвшил, үр дүнтэй танилцах зорилгоор Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтэд өчигдөр зочиллоо. Тус институт үндэсний үйлдвэрлэгч “Тайж” группийн эрдэм шинжилгээний суурь судалгааг гүйцэтгэдэг эрдэмтэн, судлаачдын багаас бүрдсэн салбар нэгж юм.

    Тус групп  ОХУ-ын хүнсний зах зээлд 2025 он хүртэл урт хугацааны гэрээний нөхцөлтэйгээр “Тайж” нэрийн мах, махан, нөөшилсөн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм. Өнгөрсөн жилийн олон улсын хүнсний ЭКСПО-д дэлхийн 148 орноос шалгарч, “Тайж” монгол брэндэд “Хүрэл” мeдаль олгосон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын том баталгаа болж байгаа ажээ.

    Харин “САМО” институт нь  хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл харгалзахгүй хүссэн бүх нарийн шинжилгээ хийхээс гадна эрдэм шинжилгээ, судалгаа, боловсруулалтад түшиглэсэн үйлдвэрлэлтэй, чанар, стандартаараа олон улсын зах зээл рүү чиглэсэн шинжлэх ухаан, тeхнологид суурилсан хувийн хэвшлийн цор ганц магадлан итгэмжлэгдсэн цогц лаборатори юм.

    Тус лабораторийн эрдмийн зөвлөл ХХААХҮЯ-ны захиалгат “Хүнсний бүтээгдэхүүн гарган авах, боловсруулах, савлах, орчин үеийн технологи, аюулгүй байдлын үнэлгээ” төслийг амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн ба хэрэгжүүлсэн төслийн үр дүн, эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиг хандлага, монгол инновацийг дэлхийн зах зээлд гаргах боломж нөхцөл, хүн амын эрүүл байдлыг хамгаалахад хүнсний аюулгүй талаар удирдлагууд ажил хэрэгч санал солилцов.

    Уулзалтын дараа ШУТС-гийн захирал, доктор С.Намсрайжав, “Само” институтийн захирал, доктор Г.Оюун нар “  шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэх түншлэлийг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Эх сурвалж:ШУТС

    Холбоотой мэдээ