• Ц.Нямдорж: Дал, ная хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, ийм байж болох уу

    УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан уг нь 10 цаг өнгөрөөж эхэлсэн. УИХ-ын чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлоод байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар  С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргалаа.

    УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд  Ц.Нямдорж “Олон улсын парламентын холбоо энэ асуудалд анхаарч байхад бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна. Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч гэж Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд хүсч байна. Бид хүний эрхийн төлөө энэ улсынхаа иргэдийн төлөө явж байгаа юм бол энэ асуудалд дүгнэлт хийхгүй байж огт болохгүй. 2016 оны намар энэ хэргийн анхан шатны шүүх хурал болоогүй байхад Даваа гарагт нь  МАН-ын бүлгийн хурал дээр захиалгаар энэ хэргийг гурван шатны шүүхээр туушиндаад  дуусах нь ээ. 65 гишүүнтэй МАН энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй шүү гэж олон удаа бүлгийн хурал дээр ярьсан. Бүх протокол надад байна. Харамсалтай нь миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн  хэсэг нь шүү.  Цаашид үзэх юм бол  маш их балмад юм гарна. 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу. Бид бүгд эхээс төрсөн хүмүүс.  Яаж айл гэр сүйтгэж, айлгаж дарамталж байсан гээд асуудал гарна” гэв.

    Энэхүү саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураахад гишүүдийн  олонх нь дэмжээгүй юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар хурууны хээгээ уншуулсан ч болохгүй байгаа хэлж дахин санал хураахад 68.1  хувь дэмжээгүй. Гэвч дахин санал хураалт явууллаа.

    УИХ-ын дарга Г.Занданшатар хурууны хээгээ уншуулсан ч болохгүй байгаа талаар техникийн албаныханд хэлж дахин тестийн санал хураалтыг авсан.

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Ийм хариуцлагагүй зүйл хийчхээд  УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хаачсан юм. Бүхэл бүтэн нэг цаг саатлаа. Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Тамгын газрын хариуцлагагүй үйлдлээс болж УИХ-ын үйл ажиллагаа нэг цаг саатаж байна.. Амгалан дарга тайлбараа өг.

    УИХ-ын Тамгын газраас “Программ техникт асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой” гэлээ.

    Ингэснээр Түр хороо байгуулах саналыг гар өргөн хураасан. Гар өргөхөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Илт л дэмжиж байна даа. УИХ-ын Тамгын газар тоолно шүү” гэв. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар  Зориг агсныг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэх асуудалд нэмэхээр боллоо.

    Үргэлжлүүлэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ