• Түрэг буюу рүни гэж үздэг бичгийг ХҮН буюу уугуул Монгол бичиг хэмээлээ

    “Sergelen international expedition” ТББ-аас Түрэг бичээсийг тайлан уншсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын нутаг дэвсгэрээс нийт 70 гаруй их, бага хадны бичээсүүд илэрсэн. Гэтэл уг бичээсүүдийг бүхэлд нь манай эриний VI-VIII зууны үед өнөөгийн Монгол Улсын нутагт байсан Түрэгийн түүхэнд хамааруулан авч үздэг. Тэгвэл энэхүү бичээсүүдийг монголчууд өөрсдөө тайлж, уншиж чаддаг болсон байна.
    Өгүүлэхэд, энэхүү бичгийг эрдэмтэд анх Енисей мөрний хавиас дараа нь Орхон голын саваас олж шинжлэх ухаанй эргэлтэд оруулсан. Тэгээд нэг хэсэгтээ уг бичгийг Орхон, Енисейн бичиг, хожим нь руни бичээс хэмээн нэрлэх болсон байдаг. Энэхүү бичиг нь эртний Түрэг угсаатных гэж түүхэнд орсон. Учир нь Монгол улсаас олдсон эртний Түрэгийн хаад, язгууртнуудын цогцолбор дурсгал дээрх хөшөө чулуун дээр уг бичгээр бичсэн бичиг олон бий.
    Гэвч уг бичгийг түрэгийнх гэхээсээ илүүтэй Хүн буюу Хүннүгийн бичиг хэмээн үзэж байгаагаа С.Сэргэлэн илэрхийлсэн юм.

    “Sergelen international expedition” ТББ-ын үүсгэн байгуулагч С.Сэргэлэн :

    Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон томоохон бичгийн дурсгалууд нь Түрэг төрийн үед бичсэн чулуун дээр сийлсэн ном мөн. Гэхдээ Түрэг төрийн үеэс үүсгэн хэрэглэсэн. Одоогийн монгол хэлнээс өөр гэсэн ташаа үзэл бодлыг арилгалаа. Өөрөөр хэлбэл, бид 2,000 жилийн дараа “хүн” бичгийг зөв сэргээж, уншсан явдал нь Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байна. “Sergelen international expedition” ТББ анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эртний түүхэнд холбогдох сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргах ажлыг эрхлэн хийсээр ирсэн.

    Энэ удаа Монгол Улсын нутгаас илэрсэн Орхон голын сав нутаг дахь Бильгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж, уншлаа. Үүгээр зогсохгүй сургалт явуулж, олон монголчууд энэ бичгээ сэргээн уншиж, хэрэглэж чадахыг батлан харууллаа. Хэдийгээр ШУА-ийн Хэл уран зохиолын хүрээлэн энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч гэсэн явуулсан сургалтаар дамжуулан олон хүн хүлээн зөвшөөрсөн юм.

    Бид малгай сольж явсан болохоос биш толгой солиогүй эртний төрт ёсны уламжлалтай ард түмэн. Үүний адилаар олон бичиг үсэг сольж хэрэглэж үзсэн болохоос биш хэлээ хэзээ ч сольж байгаагүй юм. Мөн монгол нутгаас илэрч олдсон их, бага зарим хадны бичгүүд Хүн бичиг буюу Хүннү Улсын үед бичигдсэн байх магадлалтай гэдгийг энд тэмдэглэн хэлмээр байна.

    Тэгвэл Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар:

    Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичгийг судлах ажил XX зууны эхнээс эхэлсэн. Ихэнх тохиолдолд  гадны эрдэмтэд тайлж бичих оролдлого хийж, монгол хэлний зүй тогтол үгийн баялгийг сайн мэдэхгүйгээс болж өөрсдийнхөөрөө тааж тайлсан тохиолдол их байсан.

    Тэгвэл өнөөдөр Монгол хүн өөрөө хадны бичгээ судалсан нь шинэ нээлт юм. Би түүх археологийн шинжлэх ухаанд олон жил ажилласан судлаач хүнийхээ хувьд тусгай мэргэшсэн хүмүүс л тайлж уншиж чадна хэмээн боддог байлаа. Гэтэл бидний монгол хэлний үндсэн зүй тогтлоор уншиж болох бичиг гэдгийг С.Сэргэлэн багшаар заалгаж, ухаарсан юм. Тэгэхээр энэ хэл нь харь бичиг биш Монголчуудын өвөг дээдсийн бичиж үлдээсэн бичиг гэдэгт бат итгэж байна.

    С.Сэргэлэн багшийн хувьд уг бичгийг зааж өгөх зорилгоор сургалт явуулсан нь сайн хэрэг. Анхны сургалтад нь гэхэд хуульч, эдийн засагч, багш гэх мэт өөр мэргэжлийн 12 хүн  50 хоногийн хугацаанд суралцаж, бичгийн үндсэн зарчим, зүй тогтлыг ойлгон уншиж чаддаг болсон” хэмээлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ