• ҮАБЗ-ийн нууц зөвлөмжөөр Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтынхаас өмнө эхлүүлэх  шийдвэр гарчээ

    Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, шинэ Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэв. Энэ үеэр яагаад Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2020 онд барих асуудал яригдаж байгааг гайхсан гишүүд уурсан үгээ хэллээ. Ерөнхийөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбатын ярьснаар бол ҮАБЗ-ийн нууц зөвлөмж гарч,дээрх шийдвэрийг гаргажээ.

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

    Ерөнхийлөгчийн Тамгын газраас асууя. Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2019 онд, Энэ хоёр төмөр зам дээр хоёр тусдаа аж ахуйн нэгж байгуулаад ажлаа явуулах шийдвэр ноднин 8 сард гарсан шүү дээ. Яагаад Тавантолгой-Зүүнбаян төмөр зам нэгд баригдахаар болоод ороод ирэв ээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа бид чинь тавих ёстой биш билүү. Төмөр замаа тавьчихаад 50-аад сая тонн нүүрс гаргана гэсэн зорилт тавьчихаад байгаа биш билүү. Дээрээс нь энэ Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн авто зам дээр өчнөөн олон аваар осол гарч байна. Өчнөөн олон гэмтэж байна, осолдож байна. Энэ замаа нэн яаралтай бариад, хөрөнгө оруулалтаа тийшээ оруулаад хуучин бариад орхисон тэр далангаа үргэлжлүүлээд, хөрөнгө оруулагчдаа олоод энэ төмөр замаа баримаар байна.

    Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат:

    Хугацааны хувьд 2019 оны 02 сарын 27-ны ҮАБЗ-ийн М05 зөвлөмж дээр ингээд тусгагдчихсан байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  ингэж шийдсэн болохоор тогтоолын төсөлд ингэж орж ирсэн байх аа. гарсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц зөвлөмж гарч Монголд хийгдэх бүтээн байгуулалтыг шийдвэрлэсэн.

    ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Батболд:

    Бидний хувьд түрүүний ярьсан нууц зөвлөмж, Засгийн газраас өгч байгаа чиглэлийн дагуу ажиллаж байгаа.

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

    Энэ одоо хийх юмаа олж ядсан юм шиг нэг ийм юм оруулж ирж засаг үймүүлдэгээ болимоор байна. Зөвлөмж гаргасныгаа шийдвэр гэж яриад байх юм.

    Зөвлөмж бол зөвлөмж, шийдвэр биш. Зөвлөмжийг бид хэлэлцэх ёстой. Урагшаа явсан Гашуунсухайтын төмөр замаа шийдээгүй, далангийнх нь хэрүүл дуусаагүй, идэж уусан хүмүүс нь оргож босч алга болоод, энэ төмөр замаа дуусгаагүй ахиад өөр тийшээ 414 км зам тавина гээд дахиад өөр юм ороод ирэх юм.

    Ийм юм байхгүй нөхдөө, эхлээд баасаа цэвэрлэх ёстой. Аюулгүй байдлын  зөвлөмжид маш тодорхой хариу өгөх ёстой. Юу гэсэн үг юм, дахиад нэг овоолсон далан шороо бий болгох гээд байгаа юм уу. 414 км, 260 км далан , тэгээд юу гэж байна гэхээр 2019 онд Зүүнбаянгийн замыг эхлүүл гэхээр дахиад нэг далан бий болгох нь л дээ. Яасан далан барьж дуусдаггүй, идэж ууж ханадаггүй улсууд байдаг юм. Энийгээ болих хэрэгтэй.  ҮАБЗ-ийн зөвлөмжид оролцож байгаа манай Ерөнхий сайд ч үүндээ анхаарах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Одоо энэ Гашуунсухайтын төмөр замыг дуусгахгүй бол хэчнээн хүн нас барж байна. 100 гаруй хүн нас барчихлаа. Хэчнээн хүний амьдрал ахуй энэ зам дээр үрэгдэж байна. Ерөнхий сайд санаа нь зовоод өчигдөр хүртэл энэ нөхдүүдийг дуудаж уулзлаа шүү дээ. Тээвэр хийж байгаа 14000 жолооч тэнд гамшгийн нөхцөлд ажиллаж байна. Бушуухан төмөр замаа барьж экспортоо бодох ёстой.

    Одоо бүр зөвлөмж гэж нэг юм гаргаад УИХ-ын гишүүд, байнгын хорооны дарга нарыг, Засгийн газрын гишүүдийг дуудаж загнадаг, тэр битгий хэл яамдынхныг толгой дараалан дуудаж загнаж байна.Үүнийгээ одоо болих хэрэгтэй.

    Ерөнхийлөгч гэдэг хүн хийх ёстой ажлаа хийх ёстой. Аюулгүй байдлын зөвлөмж гэж нэг юм гаргаад УИХ-ын, Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалддагаа болих хэрэгтэй. Тиймээс зөвлөх та ҮАБЗ-ийн шийдвэр гарсан юм гэж яриад сууж болохгүй. Ийм зөвлөмж хүргүүллээ, та нөхөд хэлэлцэж, шийдэж өгөөч гэж ярих ёстой. Асуудлаа ингэж оруулж ир, тэгээд тайлбараа олигтойхон хий.

    Яагаад Зүүнбаянгийнхныг энэ онд гэж оруулж ирээд Гашуунсухайтынх яагаад 2020 он болдог юм. Яагаад бас далан хийх гээд байгаа юм, мөнгө нь хаана байна вэ. “Эрдэнэт Тавантолгой” хөөрхий IPO хийнэ гээд зүтгээд байдаг, гэтэл олсон ашгийг нь хэзээ баригдаж дуусах нь м эдэгдэхгүй төмөр зам руу хийнэ гэх. Тэгэхээр IPO-г хэн худалдаж авах юм. Ийм л нэг эдийн засгаа хорлосон бодлого үйл ажиллагаа явуулаад байх юм. Нөхдүүд минь ээ жаахан ч болов эх оронч баймаар байх юм. Асуудлаа ойлгож бодитой хандахгүй бол зөвлөмж, шийдвэр гэгчийн доор өөрийн толгойгүй юм шиг байх юм. Мэргэжлийн хүмүүс, ажил хариуцаж байгаа та нар минь жаахан бодооч. Зэрэг эхлүүлнэ гээд ярих юм. Тэр чинь далан байгуулаад 5-6 жил болчихсон юмыг эхлүүлнэ гэж юу яриад байна аа. Энийгээ гүйцээх асуудлаа яримаар байна. Нэгийг нь далан шороо босгож гүйцээлгүй орхичхоод дахиад нөгөө рүү нь ордог нь ямар учиртай юм бэ. Хоёр далангийн хэрүүл үүсгэх гээд байна аа даа. Зам дээр үхэж байгаа тэр олон хүний талаар та нар бодож байгаа юу. Бушуухан нэгийг нь дуусгаад авья. Мэргэжлийн хүмүүс та бүхэн сайн бод л доо.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ