С.Чинзориг: Капитал банкинд байсан НДС-ийн 101 тэрбум төгрөгийг Монголбанк хуваарь гарган барагдуулна

Монголбанкнаас өчигдөр Капитал банкийг татан буулган шийдвэр гаргасан. Тус банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан тухай шуугисан. Тиймээс тус банкинд НДС-гийн хэр их мөнгө байсан, тэрхүү хөрөнгийг хэрхэх талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

-Капитал банк татан буугдлаа. Тухайн банкинд төрийн сангийн хэдий хэмжээний мөнгө байршиж байсан бэ? Үүнийг хэрхэн зохицуулах вэ? 

-Монголбанктай ярилцаж байгаад эхний ээлжинд иргэдийн хадгаламж, сангуудын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна гэсэн ойлголттой байгаа. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг ямар хугацаанд  барагдуулах талаар ярилцаж байна. Тус банкинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд байршуулсан. Үүнээс одоогоор 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан.

Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгалын  сангийн  чөлөөт үлдэгдэл 280 орчим тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан байсан юм. 2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Капитал” банкинд байршуулж байсан байдаг. Би ХНХ-ын сайдаар томилогдсоноос хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нэлээд багасгасан. Үүнээс Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна. Үүний дагуу буцаан төлөлт  хийгдэнэ. Энэ хүрээнд нийгмийн даатгал, төрийн сан ямар нэг эрсдэлд орохгүй.

-Буцаан авах гэдэг Капитал банкны эзэмшигчдээс авна гэсэн үг үү, эсвэл?

-Монголбанк төлбөрийг барагдуулах дараалал тогтооно. Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна. Хоёрдугаарт, Нийгийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах график гаргах байх. Манай яам, Монгол банктай хамтраад сангийн байршуулсан 101 тэрбум төгрөгийг ямар хугацаанд ямар хуваариар эргэн барагдуулах вэ гэдгийг Монголбанк хуваарь тогтоох байх. Капитал банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт аргаар эрх хүлээн авагч нь  хохирлыг барагдуулна. Тиймээс Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна.

-Төрийн сангийн мөнгөнүүдийг өөр ямар банкуудад байршуулж байгаа вэ?

-Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкууд дээр байршиж байсан. Түүнээс хойш өөрчилж, Хаан, Төрийн банкинд нийгмийн даатгалын хөрөнгийг байршуулахаар ажилласан.

-Сангуудад эрсдэл үүсэх үү? 

-Сангуудад эрсдэл үүсэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ