• АН бүлэггүй болсныг пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар зарлана

    Өнөө өглөөхөн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын УИХ дахь бүлгээс хасч өгөөч хэмээх бичгийг 4 дэх удаагаа УИХ-ын даргад хүргүүлсэн хэмээн жиргэсэн. Тэгвэл УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг нь тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

    Д.Эрдэнэбат “Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна” гэв.

    АН-аас Зөвлөл байгуулах талаар долоон гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэх ажээ. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатыг томилжээ.

    Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасч, Д.Мурат болон Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн өөрийгөө доромжлуулсан хэмээн үзэж УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын дарга танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан.

    АН-ын бүлгийн сүүлчийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь хэлэлцсэн асуудал нь өнгөрсөн долоо хоногт Стандарт банкны өрийг дарсантай холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн нь Монгол улсад үүссэн хохирол бөгөөд энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёсгүй, багасгаж төлсөн гэж бахархах зүйл биш гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн тодотгов. Стандарт банкны өрийг дарсантай холбоотой асуудлаар ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоор ахлуулан байгуулжээ. Тус ажлын хэсэг өрийг дарахад хуулийн зөрчил байгаа эсэхийг нягтлах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас өр дарах боломжтой эсэх, зуучлагч компани гэж ямар компани байгааг нягтлах, бусад хохирлыг ч мөн тооцох ёстой гэдгийг ажлын хэсгийн шалгалтаар тодруулах гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ