• Н.Цэрэнбат:Амьдрах орчны судалгаагаар айл өрхүүдийг түүхий нүүрс түлж буй эсэхийг хянана

    Өнөөдөр Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос зохион байгуулсан “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулганаар амьдрах орчны судалгааны тухай танилцууллаа. Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос санаачлан хэрэгжүүлж буй Уг судалгааг  БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат танилцуулж, агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриаллаа.

    Амьдрах орчны судалгааг Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нийт 700 орчим судлаач иргэд гар утасны “Classic collector” аппликейшн ашиглан авна.

    Ийнхүү уламжлалт судалгааны аргыг халснаар, нэгдүгээрт цаасны хэрэглээ багасах, хоёрдугаарт судлаач гэрээт ажилчдын ажлыг хөнгөвчлөх, цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Тухайн айл өрхийн хашаан доторх ариун цэвэр, эрчим хүчний шийдэл, түлээ нүүрс хадгалах амбаарын хэмжээ, галлагаандаа ямар зууханд ямар түлш хэрэглэж байна зэрэг бүгд уг судалгаанд хамрагдах юм байна. Цаашид нийслэлийн зургаан дүүрэг болгонд амьдрах орчны судалгааг хийх бөгөөд анхдагч байдлаар нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

    Амьдрах орчны судалгаагаар айл өрхийн судалгааг айл өрхүүдэд хийснээр:

    • Түүхий нүүрсний хэрэглээг халах тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үүрэгжүүлнэ
    • Нийслэлийн хөгжлийн статистик тоо баримттай болно
    • Орчны бохирдлын тухай нэгдсэн мэдээллийн сантай болно

    Уг судалгааг хийж буй судлаачид  бүгд улбар шар өнгийн хантаазаар ижилсэнэ. Мөн судлаач бүрт дата эрхтэй сим картыг олгожээ. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 4208 иргэдийг гэрээтээр ажиллуулж амьдрах орчны судалгааг аппликейшнаар дамжуулан авах бол судлаачдын байршил, ажлын үр дүнг хянах 384 хянагч, судалгааны үр дүнг вебд нэгтгэн тайлагнах 48 ажилтан тус тус ажиллах юм.

    Амьдрах орчны судалгааны хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд :

    • 5 дугаар сарын 15-нд “Түүхий нүүрсийг хэрэглэж болохгүй”
    • 6 дугаар сарын 15-нд “Гэр, байшингаа дулаална уу”
    • 10 дугаар сарын 15-нд “Сайжруулсан түлшээ хэрэглэнэ үү” гэсэн мэдэгдлүүд очих аж.

    Мэдэгдлийн дагуу айл өрхүүд шаардлагаа биелүүлсэн эсэхэд хяналт тавьж, судлаачийн үүргийг гүйцэтгэх улбар шар өнгийн хантаазтан иргэд зун болон өвлийн улиралд тус тус гурван удаа нэг айлаар орно.

    Хороо бүрээс  эрүүл,зохист амьдрах орчныг бүрдүүлсэн хоёр өрхийг судалгаанд үндэслэн шалгаруулж, 500 тонн сайжруулсан шахмал түлшээр урамшуулна.

    Амьдрах орчны судалгаа бодитой хийгдэж, үр дүн нь гарахад  хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, түүнээс гарсан ажлын хэсгийн ажилчид хамгийн чухал үүрэгтэй юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ